УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд өнөөдөр “Зарим газар нутгийг улсын хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар дэмжигдсэн тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчны яаманд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс хэд хэдэн хүсэлтүүдийг өгсөн аж. Учир нь тусгай хамгаалтад авах газруудад газрын тосны олборлолт, төмөр зам барих хилийн цэс, координатын давхцал үүссэн байна.
Газрын тосны үйлдвэр барина гэж МАН-ын мөрийн хөтөлбөрийн 2.6.5-д тусгагдсан, бүтээн байгуулалтын ажил нь 95 хувьтай явж байгаа уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 9-11 дүгээр сарын үед суурилуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа тус газрын хайгуулын талбайтай хамгаалалтад авах газар нутгийн давхацал бий болоод байгаа юм. Энэхүү давхацлаас гаргах тухай хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлсэн гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар чуулганы хуралдаан дээр тайлбарлаж байлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Үйлдвэр барих ажилд Их хурал хүртэл итгэл хүлээлгээд, ард иргэд ч харж байгаа. Газрын тосны үйлдвэр баривал шатахууны үнийг ч бодлогын түвшинд иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй байдлаар зохицуулалт хийх боломж бүрдэнэ.
Хайгуулын олон үе шат байгаа. Энэ болгонд их хэмжээний хөрөнгө оруулалт болон ажлын байрыг бий болгодог, орон нутагт дэмжлэгээ үзүүлдэг, төсвийн орлогын нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг. Хайгуул, олборлолт хоёрынхоо ялгаа заагийг гаргаач ээ. Үйлдвэр барихыг дэмжих гэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй байдлаар явмааргүй байна. Одоо аж ахуйн нэгжүүд нь эрэл хайгуулаа явуулах гээд байдаг, тодорхой хэсгийг нь улсын тусгай хамгаалалтад авах гээд байдаг. Үүн дээр ажлын хэсгийн гишүүд чиглэлийн яамныхаа саналыг оруулаад, тал талдаа ажлаа жигд явуулмаар байна.
Тусгай хамгаалалтад авах гэж байгаа асуудал бол зөв, авах газраа авах ёстой. Гэхдээ үйлдэрлэл эхлэхийн тулд хайгуулыг өргөжүүлж нөөцөө ихэсгэхгүй бол 43-хан сая тн нөөц гээд баталчихсан байгаа. Жилдээ 1.5 сая тн газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлын ТЭЗҮ-ийг боловсруулаад гаргасан. Дахиад нөөцөө ихэсгэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр санал оруулж байгаа чиглэлийн яам энэ асуудлыг эргэж ярилцаж шийдэх нь зүйтэй гэдэг саналыг УУХҮЯ-ны зүгээс илэрхийлж байна” гэлээ.
Гишүүдийн олонх нь Засгийн газраас есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3,4 сая га талбайг хамарсан 22 газрыг тусгай хамгаалтад авах тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.