Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкыг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ.
Капитал банкийг эртнээс зохион байгуулалттайгаар төлөвлөж дампууруулсан гэх яриа гараад буй. Тус банкинд төрийн 340 тэрбум төгрөг байсан бөгөөд дампуурсан банкны зарим хохирогчдын мөнгийг улсаас гаргана гэж байгаа нь янз бүрийн хардлагыг дагуулах шалтгаан болж байгаа. Санхүүгийн эрсдэл нь аюулын харанга дэлдчихээд байхад татвар төлөгчдийн мөнгийг асуудалтай банкинд хадгалахыг салбар хариуцсан сайд нь зөвшөөрсөн нь ч мөн сонирхол татсан асуудал. Ямартай ч Капитал банкийг дампууруулах зохион байгуулалттай, хууль бус үйл ажиллагаа байсан эсэхийг хууль хяналтын байгууллага ийнхүү шалгаж эхэлж байгаа юм байна.
Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болсон байна.