“АНУ-ын “Карл Винсон” байлдааны тээгч хөлөг онгоц манай усанд ойртож ирвэл түүнийг устгах хүч чадал манайд бий” хэмээн Хойд Солонгос анхааруулав. Япон, АНУ Номхон далайд цэргийн хээрийн сургууль хийж эхэлсний дараа Пхеньянаас ийнхүү мэдэгдсэн юм. Байлдааны нисэх онгоц тээгч “Карл Винсон” хөлөг онгоц энэ сургуулилтын дараа Солонгосын хойг руу хөдлөнө хэмээн Пентагоноос мэдэгдсэн аж. Японы “Ашигара”, “Самидаре” байлдааны хөлөг онгоц өнгөрсөн бямба гаригт Японы баруун өмнөд эргээс хөдөлж Филипиний ольтриг хавьд байгаа АНУ-ын “Карл Винсон” хөлөгтэй нэгджээ.
Америк, Японы байлдааны хөлөг онгоцууд тэнд хэдэн өдөр стратеги, хамтын ажиллагааны сургуулилт хийх бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр хойд зүг рүү хөдөлж Солонгосын хойг руу ойртоно хэмээн Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Дайснуудынх нь энэ үйлдэл Хойд Солонгост таалагдахгүй байгаа нь ойлгомжтой.
“Манай хувьсгалт хүчин АНУ-ын тээгч хөлөг онгоцыг ганц довтолгоогоор устгахад бэлэн байна” хэмээн Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын албан ёсны хэвлэл “Rodong Sinmun” сонинд бичжээ. Пхеньяны хэвлэл Америкийн “Карл Винсон” хөлгийг “Балмад араатан” хэмээн нэрлээд “Тэдний эсрэг ганц довтолгоо манай цэрэг, армийн сүр хүчийг харуулах бодит жишээ болно” онцлов.
Хойд Солонгосын дэглэм ийнхүү сүрдүүлэн мэдэгдэл хийж байхдаа Америкийн иргэншилтэй бас нэг хүнийг баривчилснаа зарлалаа. Сүүлийн үед Солонгос, Америкийн давхар иргэншилтэй гурав дахь иргэн ийнхүү саатуулагдаж байна хэмээн Өмнөд Солонгосын “Ионхап” агентлаг мэдээлэв. Сүүлд баривчлагдсан иргэн нь Ким хэмээх Янбяны шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш асан аж.
50 настай тэрээр Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламжийн ажлаар ирээд байсан аж. Ким дөрөвдүгээр сарын 14-нд Пхеньяны олон улсын нисэх буудал дээр Өмнөд Солонгос руу нисэх гэж байгаад саатуулагджээ. Үүний өмнө АНУ-ын оюутан Отто Вармбир, сүмийн номлогч Ким Дон Чул нарыг баривчилсан юм. Өмнөд Солонгос, АНУ-ын иргэншилтэй тэднийг Хойд Солонгосын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж байгаа аж.
Н.МӨНХЖИН