Хаврын шалгалт хаяанд ирж, Боловсролын үнэлгээний төвийнхөн элсэлтийн шалгалтынхаа бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жил 40 орчим мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо бий. Ингэхдээ их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар онлайн бүртгэлд хамрагдсан сурагч бүр Монгол Улсын Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг БҮТ-ийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлж байсан. Тиймээс элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг дуулгаж байна.
ГАДААД ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮДЭЭС СОНСООД ОЙЛГОХ ЧАДВАРЫГ НЬ ШАЛГАНА
Элсэлтийн шалгалтыг монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлээс сонгон өгнө. Ингэхдээ элсэгч бүр монгол хэл бичгийн шалгалт өгч байж ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ гэдгийг дээр хэлсэн. Харин энэхүү заавал өгөх монгол хэл, бичгийн шалгалт нь бүртгүүлэгчдээс хураамж авахгүй юм байна. Мөн ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврууд орно. Монгол хэл, бичгийн шалгалт нь хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэх юм байна.
МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ ХУРААМЖ АВАХГҮЙ
ЭЕШ-ын дүрэмд заасны дагуу элсэгчид шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Гэтэл жил бүрийн шалгалт эхлэх өдрүүдэд шалгалт өгөх байраа хайгаад олохгүй байх, товлосон цагаас хоцорч ирэх, бичиг баримтаа дутуу бүрдүүлэх зэрэг хувь хүнийхээ хариуцлагаас шалтгаалан шалгалтад орохгүй байх цөөн тохиолдол гарч байсан. Тиймээс хувийн зохион байгуулалт, бичиг баримтын бүрдүүлэлт зэрэгт сайн анхаараарай. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэдгийг БҮТ-ийнхөн анхааруулж байна. Мөн өмнөх жилүүдэд шалгалтын үеэр хуулах гэж оролдсон, янз бүрийн шифи бэлтгэж орж ирээд баригдсан, зарим нь шалгалтын анги танхимаас хөөгдөөд гарсан тохиолдол цөөнгүй бий гэдгийг шалгалтын комиссынхон хэлж байсан. Шалгалт авах анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг зүйлийг авч орохыг хориглодог. Хэрэв шалгалтын дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд тухайн элсэгчийн шалгалтын материалыг хүчингүй болгоно. Мөн шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хуурч мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтын дүн оноог хүчингүй болгоно гэдгийг онцгойлон анхааруулж байна.
Б.ТУУЛ