Манай улс 1999 онд Гэр бүлийн тухай хууль баталж байсан бөгөөд үүнээс хойш тус хуульд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Энэ хаврын чуулганаар УИХ-д Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болжээ.
Тус хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тандан судалсан судалгааны үр дүнгээр 2010 онд 9349 гэр бүл батлуулж байсан бол жил бүр 11 орчим хувиар өсч 2016 онд 16778 болсон байна. Харин 2010 онд 3054 гэр бүл гэрлэлтээ цуцалж байсан бол 2016 онд 4003 болон өсчээ. Гэр бүл салалт нийгэм, эдийн засгийн байдал, гэр бүлийн гишүүдийн харилцаа, хосуудын хувийн, бусад хүнээс хамаарах гэсэн гурван хүчин зүйлтэй.
Мөн 1998-2016 оны хооронд Монгол Улсын 5970 иргэн гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол 1017 иргэн нь гэрлэлтээ цуцлуулж, Монгол Улсын харьяат 266 хүүхэд гадаадад үрчиглэгдсэн байна. Нийгмийн амьдралд гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрагчид нэмэгдсэн, гэр бүлийн задрал явагдаж байгаа, гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон, гэр бүл цуцлалт, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн гэсэн сөрөг үзүүлэлтүүд ч байгаа юм.
Гэр бүл цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаа нь судалж үзэхэд олон жил амьдарсан хосын салалт өндөр байна. Гэр бүл салалт гэрэлсэн эхний 1-3 жилд харьцангуй бага, 4-6 жилээс тодорхой хэмжээгээр нэмэгдэж, 7-оос дээш жил хамтран амьдарч байгаа гэр бүлийн салалт улам нэмэгджээ. Ингээд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Гэрлэлт сайн дурын үндсэн дээр үүсэх зарчимтай тул гэрлэлтэд зуучлалын үйлчилгээ эрхлэхийг хориглох
-Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээнд цус ойртолт, удамших хандлагатай халдварт өвчний шинжилгээ нэмж оруулах
-Гэрлэгчдийн эрх үүрэгт нэмэлт оруулах /гэр бүлээ төлөвлөх, эрүүл хүүхэд төрүүлэхэд бэлдэх, ургийн өсөлт бойжилтыг тогтмол хянуулах/
-Гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжиж гэр бүлд төрөөс дэмжлэг үзүүлэх
-Гэр бүлийн хөгжлийн дэмжих тусгай сан байгуулж, гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
-Гэр бүлийн маргааныг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч шийдэх
-Гэр бүлийн эрх зүйн харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэх гэх мэт
-Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах
-Хүүхэд өмчтэй байх, хүүхдийн хуваарьт хөрөнгөнд хамаарах эд хөрөнгийг тодорхойлох
-Хүүхэд хүмүүжүүлэх этгээдэд эцэг, эхээс гадна асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг оруулах
-Гэр бүл цуцалсан тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээс үл хамааран хүүхдэд заавал тэтгэлэг олгох
-Эцэг, эх үүргээ хүүхдээ хүмүүжүүлэхдээ төрөөс дэмжлэг туслалцаа авах эрхтэй
-Тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн хэрэгжилт бодитоор хангагдах механизмыг бүрдүүлэх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэй хүүхдийн тэтгэлгийн сан байгуулж, үл маргах журмаар тэтгэлгийг гаргуулах
-Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хамгаалан хүмүүжүүлж байгаа гэр бүлийг асралт гэр бүл гэж нэрлэх
-Хүүхэд үрчлэх харилцаанд үрчлэл нь хүүхдийн язгуур ашиг сонирхолд нийцсэн байх зарчмыг баримтлан үрчлэлийн өмнө хүүхэд үрчлэн авахыг хүсэгчийн гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ, үрчлэлийн дараах хяналтыг гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж байхаар хуульчлах
-Сум, баг, хорооны гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан хүүхэд үрчлэлтийн харилцаанд оролцуулах, чиг үүргийг тодорхойлох
-Үрчлэх дүгнэлт гаргахад нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэх
-Сум, дүүргийн төвшинд орон тооны бус үрчлэлийн зөвлөл ажиллуулах
Эх сурвалж: Itoim.mn