Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээг үзэглэсэн. Тус гэрээний талаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчилж ирсэн даруйдаа /2015 онд/ “Далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.
Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон.
“Оюу Толгойн далд уурхайг ашиглах бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаар зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголын эдийн засагт орж ирэх боломж бүрдлээ.
Сүүлийн хоёр жил гацсан, хорин сар царцсан энэ төсөл хөдлөлөө. Энэ бол Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцэх үр дүн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Гэхдээ Ерөнхий сайд ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюутолгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан” гэж мэдэгдэж байв.
Тэгвэл өнгөрсөн жилээс УИХ-аас ажлын хэсэг байгуулж Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулж, улмаар “Оюутолгой”-н далд уурхайг зогсоох ёстой гэсэн дүгнэлтийг гаргаад буй.
Ер нь Дубайн гэрээг цуцлах нь зөв гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд ээлж дараагаар илэрхийлж эхэллээ.
Тухайлбал, тус ажлын хэсгийн гишүүн Х.Болорчулуун “Далд уурхайг шууд зогсоох ёстой гээгүй. Гэхдээ Дубайн гэрээ нь Монгол Улсад хохиролтой болсон гэдгийг дурдсан. Ялангуяа Дубайн гэрээг зогсоох ёстой гэсэн санал явж байгаа. Тухайлбал, Оюутолгойн гэрээг анх 4 тэрбум ам.доллароор хийх байсан. Гэтэл өнөөдөр далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулан зардлаа өсгөөд 11 тэрбум ам.доллар хүрчихлээ. Тэгэхээр Рио Тинто хөрөнгө оруулагч юм уу, зээл зуучлагч юм уу. Өөрсдөө болохоор гаднаас 2-3 хувийн зээл авдаг. Монголд болохоор жилийн 7-8 хувиар өгч байдаг. Монгол Улсаас гарч байгаа зардал нь 12 тэрбум ам.долларын зээл. Үүнийг гадны 15 банк авчихаж байна.
Монгол Улс гэрээний 30 жилд ашиг авна гэж хөөрцөглөж байсан нь талаар боллоо. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хөрөнгө оруулалт орж ирээгүй. Рио Тинто компанийнхаа зардлыг дараад цаашаа явчихсан. Монголд техник тоног төхөөрөмж л орж ирсэн байх.
“Оюутолгой” Монгол Улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийг л оруулж байгаа. Үүнээс их өр цаана нь хуримтлагдаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг зогсоож байгаад ч болов өөрчлөх ёстой. Үүнийг тэнэг хүн өмөөрч л үг хэлнэ дээ” гэв.
Ажлын хэсгийн дүгнэлтийг эцсийн байдлаар гаргаагүй ч гишүүдийн саналыг хавсралт байдлаар ҮАБЗ-д хүргүүлээд байгаа аж.
Мөн энэ асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн байр суурийг хүргэж байна. Тэрээр:
-Хууль бус Дубайн гэрээг цуцлах ёстой. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гэж хийсэн мөртлөө хөрөнгө оруулалтын гэрээндээ өөрчлөлт оруулчихсан. Төлөвлөгөөгөөр гэрээнд өөрчлөлт оруулж болохгүй. УИХ-аар танилцуулж, зөвшөөрөгдсөн гэрээ учраас заавал Их хурарлд заавал танилцуулах шаардлагатай байсан. Эрдэнэт гэхэд Оюутолгойгоос дөрөв дахин бага боловч Оюутолгойгоос илүү татвар төлж байгаа. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд орлогын албан татвар нь байнга буурсан байгаа. Энэ нь зардлаа өсгөсөн байна гэсэн үг.
УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлттэй Засгийн газар танилцаагүй. Дубайн гэрээний хамгийн хортой зүйл нь манай ордыг дэлхийн 10 гаруй том банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан явдал юм. Тэгээд далд уурхайд хэрэглэх ёстой байсан 4 тэрбум долларын зээлийг нь Рио Тинто өөрөө аваад хэрэглэчихсэн юм. Одоо далд уурхай, станц нь мөнгөгүй гээд байж байгаа.
Тухайн үед Татварын ерөнхий газрын дарга байсан Б.Ариунсангийн холбогдсон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орлого олсон бол 20 хувийн татвар төлөх ёстойгоос зайлсхийсэн асуудлыг төлөөний газар гэдгээр дамжуулаад зайлсхийх гэж байж магадгүй гэлээ.