УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн (2019.04.17) хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Засгийн газраас 2018 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулсан. Энэ хугацаанд Дэд ажлын хэсэг хоёр, Ажлын хэсэг нэг удаа тус тус хуралджээ. Ажлын хэсгийн хуралдаанаар зарим газар нутгийг тусгай хамгаалтад авахдаа тогтоолын төсөлд солбилцлоор нь тусгасан боловч нэрийг нь дурдаагүй 9 сумын нэрийг зарчмын зөрүүтэй санал гаргаж, холбогдох заалтуудад нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэхүү саналтай холбогдуулан тогтоолын хавсралтад дурдсан солбилцлын нэрд өөрчлөлт ороогүй аж.
Түүнчлэн тогтоолын төслийн 1 дэх заалтын 2 дахь дэд заалтад дурдсан Дарьгангын байгалийн цогцолбор газрын хилийн заагийг заасан 7 дахь хавсралтын хүснэгтийн 28.29 дэх солбилцолд өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналыг Ажлын хэсэг дэмжээгүй байна.
Гишүүдийн зүгээс иргэдийн суурьшлын бүсийг тэлэхтэй холбогдуулан тусгай хамгаалттай газраас зарим хэсгийг гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын талаар илүүтэй лавлаж байв. Мөн тусгай хамгаалтад байгаа газар нутагт байгаа өвөлжөө хаваржааны талаарх судалгаа, тухайн бүс нутагт мал аж ахуй эрхлэх боломжийн талаар тодруулсан юм.
Ажлын хэсгийн зүгээс улсын хэмжээнд одоогийн байдлаар 102 тусгай хамгаалалттай газар буюу байгалийн цогцолбор болон дархан цаазат газарт 365 байгаль хамгаалагч хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Засгийн газрын 87 дугаар тогтоолоор байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тогтоосон. Үүний дагуу хоёр байгаль хамгаалагч хариуцах талбайг нэг хүн хариуцаж байгаа бөгөөд 87 байгаль хамгаалагчийн орон тоо дутагдалтай байна. Байгаль хамгаалагчдаа чадавхижуулах, хяналт шалгалтдаа орчин үеийн техник технологийг нэвтрүүлснээр дэвшил гарч, 2018 оны байдлаар тусгай хамгаалалттай газарт гарсан зөрчил илрүүлэх, зөрчлийг шийдэх байдал 20 хувиар нэмэгдсэн гэж хариулж байлаа.
Түүнчлэн нийслэлийн Баянзүрх, Хан-Уул зэрэг дүүргүүдэд тусгай хамгаалалттай газрын хилээс давуулаад иргэдэд газар олгосон асуудал байгаа. Хилийн заагийн маргаантай асуудлаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Нийслэлийн газрын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж, газар дээр нь очиж танилцсан. Ажлын хэсгээс энэ маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэлээ.
Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн суурьшлын бүсийг тэлэх, 3000 га газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар тусгасан тогтоолын төслийг удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ гэж байлаа. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар тусгай хамгаалалтад авсан газар нутагт нийтдээ 3500 орчим өвөлжөө, хаваржаа байгааг дурдаад дархан цаазат газрын онгон бүсэд малын тоо толгойг хязгаарласнаас бусад газар, байгалийн цогцолбор, дурсгалт газруудад мал аж ахуй эрхлэх боломжтой гэдгийг хариултдаа онцолсон юм.
Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Ажлын хэсгийнхэнд тусгай хамгаалалтад авах 22 газрын хоёрт нь газрын тосны олборлолт, төмөр зам барихтай холбоотой давхцал гарч, маргаан үүсгээд байгаа асуудлыг цэгцлэх, зөв гарц, гаргалгаа гарган шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулж чиглэл өглөө.
Ингээд Ажлын хэсгээс зарим газар нутгийг тусгай хамгаалтад авахдаа тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөлд солбилцлоор нь тусгасан боловч нэрийг нь дурдаагүй 9 сумын нэрийг оруулсан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.