Японы Сангийн яам өнгөрөгч долоо хоногт 1000, 5000, 10000 иений мөнгөн дэвсгэртийн загварыг өөрчлөх гэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Шинэ мөнгөн дэвсгэртийг 2024 оноос гүйлгээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
Япон Улсын мөнгөн дэвсгэрт Иен нь 1, 5, 10, 50, 100, 500 иений зоосон мөнгө, 1000, 2000, 5000, 10000 иений цаасан дэвсгэрттэй. Шинэ загварын 1000, 5000, 10000 иений мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор ирмэгийг нь өөрчлөх болон мөнгөн дэвсгэрт дээрх алдартнуудыг солих гэнэ.
Одоо хэрэглэж байгаа 1000 иений дэвсгэрт дээр Японы Нобелийн шагналт эмч Ногүчи Хидэё, ар талд нь Фүжи уул, сакүра мод дүрслэгдсэн байдаг. Харин 5000 иений дэвсгэрт дээр Мэйжигийн үеийн зохиолч эмэгтэй Хигүчи Ичиёогийн хөрөг, Эдогийн үеийн зураач Огата Коорины “Какицү батазү” хэмээх бүтээл байдаг.
Мөн 10000 иений дэвсгэрт дээр Мэйжигийн үеийн соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичи, Бёодо-Ин сүмийн орой дээрх галт шувууны хөшөө дүрслэгдсэн байдаг.
2024 онд ашиглаж эхлэх шинэ мөнгөн дэвсгэртүүд дээр бизнес эрхлэгч Шибүсава Эй-Ичи (1840-1931), 5000 иений дэвсгэрт дээр сурган хүмүүжүүлэгч Цүда Юмэко (1864-1929), бактериологич Китасато Шибасабүро (1853-1931) нарын хөргийг хэвлэхээр болжээ.
Шибүсава Эй-Ичи нь “Японы капитализмын эцэг” гэдэг нэрээр алдартай. Мэйжигийн үеэс Шоовагийн үе хүртэлх Японы эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн. Тэрбээр Японы орчин үеийн анхны банк болох “Анхны үндэсний банк”-ийг байгуулж байжээ. Өдгөө уг банк нь Мизүхо банк нэртэй болсон.
Цүда Юмэко нь Христийн шашинтан байсан бөгөөд япон эмэгтэйчүүдэд боловсрол олгох чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн аж. Тэр Японоос АНУ-д суралцсан анхны эмэгтэй гэдгээрээ алдартай. Тэрбээр Токио хот дахь Цүда их сургуулийг байгуулсан байна.
Харин Китасато Шибасабүро нь татран болон сахуугаас урьдчилан сэргийлэх аргыг Францын бактериологич Александр Ерсинтэй ижил онд нээж байсан юм.