“Бямба гарагийн их цэвэрлэгээний үеэр 15-20 тн хог хаягдал худалдаж авна”

Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм байна. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Энэ талаар өнөөдөр (2019.04.16) УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдлагууд мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч нарыг ажиллуулж цэвэрлэгээний үеийн хяналт шалгалтыг хийнэ. Нийслэлийн нийслэлийн харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагууд гээд 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадууд хуваарийн дагуу ногдсон талбайгаа цэвэрлэцгээнэ. Иргэд ААН, байгууллагууд ойр орчимын хог хаягдал, гудамж талбайгаа цэвэрлэх ёстой” хэмээлээ.

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал н.Зэндмаа “Өнгөрсөн 2018 онд зохион байгуулсан их цэвэрлэгээний үеэр манай холбооны гишүүд нийслэлийн хэмжээнд 10 байршилд нийт 8 тонн дахин боловсруулах хог хаягдлыг худалдаж авсан. Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр хуладаж авна. Бид нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд байна” хэмээлээ.

“Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгуулах болгонд ТҮК-ийн зам талбайн үйлчлэгч нар маань цэвэрлэдэг. Иргэд, ААН-үүдэд уриалга хүргүүлдэг боловч оролцоо хангалтгүй байдаг. Өнгөрсөн 2018 оноос иргэд ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Их цэвэрлэгээний 90 минут” уриалгыг дэвшүүлсэн. Иргэд ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.

Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах тул нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн