Эрхэлсэн тодорхой ажилгүй “М” нь мөнгө олох зорилгоор интернет, цахим орчинд “Ажилд оруулж өгнө” гэх зар байрлуулах, сумын тамгын газрын ажилтан нартай утсаар холбоо барин “Жайка” ОУ-ын байгууллагын ажилтан, таныг тусламж авах хүмүүсийн жагсаалтанд оруулсан”, эсвэл “Танай сумаас 2-3 хүнийг хамруулахаар болсон” мэтээр хуурч мэхлэн мөнгө залилан авч байсан үйлдэл нь тогтоогдон цагдаагийн байгууллагад шалгагдсан байна.
Хэргийг шалгахад иргэд дээрх гэмт этгээдтэй биечлэн уулзахгүйгээр зөвхөн түүний утсаар хэлсэн үгэнд итгэн мөнгө шилжүүлж байсан бөгөөд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа бусдын данс ашиглаж байжээ.
Уг хэргийг үйлдсэн этгээдэд шүүхээс Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 10-40 сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иймд тань руу төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж утсаар ярьсан төдийд мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн иргэдэд сэрэмжлүүлэхэд таны фэйсбүүк, и-мэйл хаягаар таны ойр дотны хүний хаягаас мөнгөний яаралтай хэрэг болсон, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх мэтээр янз бүрийн шалтгаан тоочиж, мөнгөний туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал ирвэл уг мэдээлэлд автахгүйгээр тухайн хүнтэй заавал холбоо тогтоож, биечлэн уулзах, утсаар ярих зэргээр баталгаажуулсны дараа мөнгө шилжүүлэхийг сануулж байна.