“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэгт Монголын зэс корпораци ХХК-ын захирал Ц.Пүрэвтүвшин болон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нарыг шалгаж байгаа.
Тэдэнд холбогдох гэсэн тодорхойлолттой хэргийг ЭЦГ болон хэргийг АТГ-тай хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгаж байгаа гэнэ.
Мөн шалгалтын хүрээнд АН засгийн эрх барьж байх үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир нарыг яллагдагчаар татаж, хилээр гарах эрхийг нь хязгаарласан сурагтай.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг 230 сая тоннын нөөцтэй орд газартай нь “Кью Эс Си” ХХК 2012 оноос эзэмшиж буй. Улмаар тус үйлдвэрийн төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын “Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор ийн шалгаж байгаа.
Уг чиглэлийн замыг “Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авч барьжээ. Улмаар дээрх чиглэлийн замыг “Монголын төмөрзам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байдаг. Харин төмөр замын концессын энэ хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Мардайн орчимд байсан төмөр замын зам (рейлс) төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэн тавиулсан” гэжээ. Энэ хэрэгт Сангийн сайд асан Б.Болороос гадна Зам, тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан Дангаагийн Ганбатыг ч яллагдагчаар тооцохоор болж байгаа талаар Өнөөдөр сонин энэ өдрийн дугаартаа мэдээлжээ.
1 comment
энэ элбэгдорж түүний хань хамсаатнууд энэ монголоор минь үнэн тогложээ