Францын алдартай Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм даваа гаригийн орой 18.50 цагт түймэрт автаж, их хэмжээний хохирол амслаа. 13 дугаар зууны үед баригдсан тус улсын түүхэн дурсгалын нэг Католик сүмийн дээвэр шатаж, гол чулуун байгууламжууд бүтэн үлдсэн байна.
Гал сөнөөгчид 850 жилийн настай сүмийн эд зүйлсийг аврах ажлыг хийж байна. Сүмийг сэргээн засварлах ажлын үеэр гал гарсан. Түймрийг усаар унтраах үед сүмийн чулуун байгууламжуудад ус шингэж, хүндэрснээс нурах аюул үүссэн гэж мэргэжлийн байгууллагууд таамаглажээ.
Галын улмаас сүмийн ойр орчмын барилгаас иргэдгийг нүүлгэн шилжүүлж, метроны хөдөлгөөнийг зогсоожээ. 1260 онд анх баригдсан энэ сүм олон удаагийн дайн самууныг давж гарч байсан. Хамгийн том хохирлыг 18 дугаар зууны сүүлд Францад дэгдсэн хувьсгалын үед амсаж байжээ.
Энэ үед хувьсгалчид сүмийн шашны холбогдолтой эд зүйлсийг их хэмжээгээр сүйтгэсэн гэдэг. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Парисын дарь эхийн сүмийн хохирлыг “аймшигт явдал” гэж нэрлэсэн бөгөөд дэлхийн улс орнуудын хандив тусламжтайгаар дахин сэргээн босгох төлөвлөгөөтэй байна гэж мэдэгджээ.
Парисын Дарь эхийн сүм жилд 13 сая жуулчин хүлээж авдаг. Энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна. Францын нэрт зохиолч Виктор Хюго 19 дүгээр зуунд “Парисын Дарь эхийн сүм” алдарт романаа бичсэн байдаг.
Сүмийн нэрээр нэрлэсэн энэ романд зохиолч сүмийг бүтээсэн урчуудын ухаан, билэгдэл, бүтцийн талаар дэлгэрэнгүй бичсэн бөгөөд энэ нь тухайн үед Парисчуудын бараг мартах гэж байсан Готик хэв маягтай сүмийг дахин олны анхаарлын төвд авчирч чаджээ.
Эх сурвалж: BBC