Дампуурч, татан буугдсан банкуудын халааг Капитал банк залгамжлав. Залгамжлах залгамжлахдаа бүр төрийн мөнгийг төлөөсөндөө төлчихсөн бололтой юм. Капитал банкны дансанд байсан 340 тэрбум төгрөгийн хэдэн хувийнх нь барааг эргэж харах нь тодорхойгүй байна. Төрийн томчуудаас эхлээд Монголбанкнаас тус банкны үйл ажиллагааг таван жилийн өмнөөс буюу 2015 оноос эхлэн доголдож эхэлсэн гэж мэдэгдсэн. Цагийн тохироог эргүүлж нэг харваас “Капитал”-ын Б.Ундармаа 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан үетэй яг таарч байгаа юм. УИХ-ын сонгуульд байдгынхаа ихэнхийг алдсан гашуун туршлага хуримтлуулсан гишүүд цөөнгүй бий. Б.Ундармаагийн хувьд ч ялгаагүй ийм хувь тавиланг тойроогүй биш дайраад гарсан нэгэн. УИХ-ын сонгуульд нэг биш удаа өвдөг шоройдсон тэрбээр өнгөрсөн удаагийн сонгууль түүний хувьд эцсийн боломж байсан юм. Тиймдээ ч группийнхээ аль гайгүй хэлтэй амтай, хөдөлгөөнтэй гэсэн ажилчидаа дайчилсан. Үүн дээр нь хүч нэмж, зөвлөгөө өгөхөөр нэр бүхий УИХ-ын гишүүдийн ах, дүү хүртэл багтсан гэхээр ямархуу ач холбогдол өгсөн нь харагдах байх.
МАН-аас “Капитал”-ын Б.Ундармаа, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон, АН-ын гишүүн бөгөөд тухайн үеийн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж болон Буян-гийн Жагаагийн нам болох Бүгд найрамдах намаас И.Түвдэндорж гэсэн эрхмүүд өрсөлдсөн энэ тойрог гал авалцсан тойргоор тодорч байсан үе саяхан.
Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн И.Түвдэндорж нь тухайн үед “Капитал” банканд ажилладаг байсан гэх яриа байдаг. Энэ нь ч үнэний ортой байх. Учир нь тус сонгуулийн үеэр АН-ын саналыг хуваахын тулд ижил нэртэй өрсөлдөгчийг нэр дэвшүүлдэг бохир арга хэрэглэлээ гэж “Буян”-гийн Жаргалсайханыг багагүй шүүмжилсэн. Үүнийг нь батлах мэт энэ намаас нэр дэвшсэн гэх И.Түвдэндорж нь сонгуулийн сурталчилгааны үеэр иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалтыг ганц хоёрхон удаа зохион байгуулсан байдаг. Энэ үеэр нь хэл амтайгаараа гайхагддаг “Буян”-гийн Жаргалсайхан л амаа чилтэл ярьсан бичлэг сошиалаар дүүрэн бий. Ингэхдээ МАН-аас нэр дэвшигч “Капитал”-ын Б.Ундармаагийн талаар сайн, муу үгийн алийг нь ч унагаагүй. Харин өнөө муу нэртэй, луу данстай МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний гэргий О.Цолмон нарыг тэтгэвэртээ гарах болсон эмээ, өвөөгөөр нь дуудахаас эхлээд элдвээр хэлж, тавлаж байгаа харагдсан. Энэ мэтчилэн Б.Ундармаа улс төрд орох гэж багагүй хүч гаргасны эцэст хүссэндээ хүрсэн.
Ийнхүү гишүүний сэнтийд суунгуутаа ЖДҮ-гээс зээл авч “Капитал” банкаа санхүүжүүлсэн. Эндээс л Б.Ундармаа “Капитал” банкаа аврахын тулд улс төрд орсон болж таарах гээд байгаа юм. Харамсалтай нь, гишүүн болоод ЖДҮ-гээс авсан зээл авч банкныхаа үйл ажиллагааг тогтвортой болгоно гэж төлөвлөсөн ч түүний булхайтай үйлдэл олонд ил болсноор энэ санаархал нь талаар болсон юм.
Нөгөө талаасаа Капитал банкны дансыг улайлгахад Б.Ундармаагийн улс төрд орох гэж хэт их зүтгэсэн нь нөлөөлөв үү гэж хардахаар байна. Учир нь түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад 2015 онд өөрийн орлого 1 тэрбум 15 сая төгрөг, гэр бүлийн орлого 1 тэрбум 224 сая төгрөг буюу нийлээд гэр бүлээрээ нийлээд жилд 2 тэрбум 300 орчим сая төгрөгийн орлоготой байжээ. Гэтэл УИХ-ын гишүүн болохын зэрэгцээд энэ орлого нь салхинд хийссэн мэт алга болсон байх юм. Өөрөөр хэлбэл, 2016 онд өөрийн орлого нь 20.3 сая, гэр бүлийн орлого нь 60 сая төгрөг болтлоо буурсан гэж мэдүүлснээс харвал түүний жилийн орлого 60 дахин буурчээ. Түүний орлого ийнхүү тогтмол буурсан үзүүлэлтэй байх бөгөөд үүнийг нь дагаад эзэмшдэг компанийнх нь тоо ч гэсэн цөөрсөн байдаг.
Банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн, Б.Ундармаа УИХ-ын сонгуульд өрсөлдөж, гишүүн болсон үе, нийгмийн даатгалын мөнгө болон ЖДҮ-гийн зээлээр Капиталыг санхүүжүүлсэн гээд энэ бүх процесс яагаад ч санаандгүй давхцал биш.
Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банканд барьцаалж, зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн өмнөөс төр 40 сая төгрөгийн зээлийг нь төлсөн. Ингэхдээ буруутай этгээдүүдээр хохирлоо нөхөн төлүүлнэ гэж эрх баригчид мэдэгдсэн. Гэхдээ хохирлоо чухам яаж төлүүлэх бэ гэдэг нь тодорхойгүй байна. Учир нь “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нөгөөтэйгүүр, түүний эд хөрөнгө хаачсан нь мэдэгдэхгүй байгаа. АТГ-аас хөрөнгийг ил болгохоор ажиллаж байгаа ч байгууллагын дарга нарын халаа сэлгээ гээд юун Ш.Батхүүтэй манатай байгаа нь тодорхой.
Б.Ундармаагийн банк дампуурснаар эдийн засагт ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх шуум бий ч, эндээс хэн хохирох вэ гэхээр төр хохирч үлдэх нь цор ганц үнэн юм. Банк дампуурах тоолонд улсын төсөвт ямар нэг байдлаар дарамт үүсдэг болохыг өмнөх гашуун туршлагууд бэлэхнээ гэрчлэх байх. Тэгвэл “Капитал” банк дампуурвал хохирлын мөнгийг хэн төлөх вэ. Эдийн засагчид болоод улс төрд нөлөө бүхий эрхмүүд Б.Ундармаа болон түүний нөхөр Ариунболдын эзэмшлийн хөрөнгөөр хохирлыг бүрэн барагдуулах боломжтой гэж буй. Гэвч шинэ хуулиар өр өвлөгдөхгүй байх зохицуулалт ороод ирсэн.
Өөрөөр хэлбэл, “Капитал”-ын эзэд энэ бүхэнд эртнээс бэлдэж, хөрөнгөө шилжүүлсэн гэх мэдээлэл бий юм.
Магадгүй тус дампуурсан ч Б.Ундармаа Монголын тэргүүн баячуудын эгнээнээс арчигдахгүй болох нь “Капитал банк надад хамаагүй, би хувь эзэмшдэггүй” гэсэн худал үг нь гэрчлэх байх.
Ямартай ч “Капитал” банк дампуурлаа. Энэ бүх өрнөсөн үйл явдал нь Б.Ундармаа Монголын ард түмнийг төлөөлөх гэж биш харин өөрийн эзэмшлийн банкаа хамгаалахын тулд улс төрд орсон нь болох нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдал гэрчлэх биз ээ.
Эх сурвалж: 24tsag.mn
1 comment
Ymar baliar zavaan humuus we ekh oron ard tumenee boddoggui chamaig bolon ger bul hamaatan sadantai chini ene olon uls haraaj bna ene haraal chinii ur hoichid chini ochikh bolno zail muu baliar gichii