Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Нам даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн тухай дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 15:53 цагт ирсэн байна.
Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 13 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 4 алба хаагч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 27 иргэн, Ойн ангийн 5 ажилтан, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутгийн захиргааны байгууллагын 15 ажилтан, Ерөө сумын нутгийн захиргааны байгууллагын 12 ажилтан, нийт 84 хүн, 13 автомашинтайгаар ажиллаж мөн өдрийн 20:48 цагт цурманд оруулж унтраасан байна.
Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Жавхлант, Ерөө сумдаас ирсэн бүлгүүдийг мөн өдрийн 21:32 цагт буулгаж, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хонгор сумын нутгийн захиргааны байгууллагын 6 ажилтан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 31 хүн, 4 автомашинтайгаар цурмыг манаж хоножээ.
Нам даваа гэх газар нь аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т орших бөгөөд түймэрт урьдчилсан байдлаар 3 га талбай шатсан байна.