Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор өнөөдөр (2019.04.12) дуу хоолойгоо нэгтгэн байгууллагынхаа гаднах талбай, ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж, олон нийтэд чиглэсэн флашмоб зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд ХСҮТ-ийн эмч ажилчид, Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, МУЗН-ийн Залуучуудын улаан загалмайн гишүүд оролцсон юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр манай улсад 2018 онд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 27.8 хувь нь зам тээврийн ослын шалтгаантай байгаа юм.