Куба улс ХДХВ-тэй тэмцэх асуудлаар олон орны урд явдаг. Тус улс бол Карибын сав газартаа ХДХВ-ийн тархалтаар хамгийн бага үзүүлэлттэй орон юм. Харин саяхан тус улс ХДХВ-ийн вирус эхээс хүүхдэд халдварладгийг зогсоож чадсан анхны улс болжээ. ЮНЭЙДС-ийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе “Энэ бол Куба улсын хувьд, мөн дэлхийн хүүхэд, гэр бүлийн хувьд баяр юм.
Энэ нь ДОХ-ын тахлыг зогсоох боломжтой гэдгийг баталж байгаа бөгөөд Куба улс хүүхдийн дундах тахлыг даван туулах олон орны анхдагч боллоо” гэж мэдэгдсэн байна. Кубын ЭМЯ шинээр илэрсэн хүмүүсийн контакт, оношилгоог нарийн хийдэг. Үүний үр дүнд ХДХВ-ийн тархалтаас урьдчилан сэргийлж чаддаг. Харин сүүлийн таван жилд ХДХВ-ийн шинэ тохиолдлын тоо эрс өсчээ.
Халдвар авсан хүмүүсийн тоо 2010-2015 онд бараг 90 хувиар нэмэгджээ. Ийнхүү эрчимтэй өссөний шалтгаан нь юу вэ? Латин Америк, Карибын сав дахь ЮНЭЙДС-ийн хөтөлбөрийн бүс нутгийн захирал Сезар Нуньес оношилгоо нэмэгдсэнтэй холбон тайлбарлажээ. “Бид илүү олон шинэ тохиолдол илрүүлж байгаа нь илүү эрчимтэй хайж байгаатай холбоотой” гэж тэрбээр хэлсэн аж.
Тэгвэл одоо Куба улсад ретровирусын эсрэг эм бэлдмэлийг үнэгүй тараадаг болжээ. Үүнийг бэлгийн харьцаанд орохоос өмнө хэрэглэдэг аж. Энэ эмийг зөвхөн ХДХВ-ийн сөрөг болон эерэг хариутай хос, гомо нар, бэлгэвч тогтмол хэрэглэж чаддаггүй биеэ үнэлэгчид зэрэг л хэрэглэх хэрэгтэй гэж ДЭМБ-аас зөвлөжээ. Клиникийн судалгаагаар энэ эмийг тогтмол хэрэглэснээр ХДХВ-ийн халдварын эрсдэл буурч байгаа нь тогтоогдсон байна.
Кубын Засгийн газар энэ эмийг 234 хүн амьдардаг Карденас хотод туршихаар шийджээ.
Эх сурвалж: https://rpp.pe/