Хүн гэж сонин амьтан. Тэдний ямар нэгэн юмыг өөр аль нэгэн юмтай зүйрлэж хэлсэн үгний зарим нь ой санамжид үлдэлгүй, ул мөргүй арилсан байхад зарим нь хөрш айл, хот суурин дамжин хэлэлцэгдэж, тэр битгий хэл бөмбөрцгийг хэрэн хэсч сонсогдох нь хачин. Тив алгасан хэлэлцсэн ийм нэг шуугиан, дэлхийн нэр нөлөөтэй улстөрчдөд тохиолдсон хэрэг явдлыг нэг дор цуглуулан хүргэж байна. Тэдгээр улстөрчид бүгдээрээ хүн төрөлхтөн хэзээ ч үл мартаж чадах Адольф Гитлертай зүйрлэгдсэн ба шуугианыг дэлхийн өнцөг булан бүрт өөр өөр өнгөөр хэлэлцэж байсан юм.
Дуулиан шуугиан мэдээж хэрэг хэвлэл мэдээллээр дамжин өрнөдөг. Хэзээд соргог байдаг хэвлэлийнхэн шуугиант мэдээг шүүрэн авч, аль хэдийнэ зурагжуулж амждаг нь жам. Сонирхолтой байх болов уу гэж үзээд цуглуулга мэдээнд улс орнуудын хэвлэл мэдээллийнхний аль хэдийнэ эвлүүлээд тараасан зургийг ч хамтатган хүргэе.
Ангела Меркель: 2013 онд ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийг Адольф Гитлерийн төрсөн охин гэсэн цуу яриа Герман төдийгүй хөгшин Европыг хэрэн хэсүүчлэв. Маркелийг гуравдугаар рейхийн хөлдөөсөн үрээс гарган авч, шинэ Гитлерийг банзалтайгаар бий болгон Германы хувь заяаг атгуулсан хэмээн шуугиж байв.
Үүнийг барууны хэвлэлүүд шүүрэн авч Гитлерийн хүүхдийг хожим зохиомлоор төрүүлэхийн тулд үр хөврөлийг нь Германы нэрт гинекологч Карл Клауберг авч үлдсэн. Ирээдүйд үндэсний удирдагчийн хүүхдийг төрүүлэх хүнээр Гитлерийн амраг Ева Брауны төрсөн дүү Маргарет Фегелейнийг (Гретль) сонгож авсан.
Гуравдугаар Рейхээс авч үлдсэн үр хөврөлийг Маргаретад шилжүүлэн суулгасны дараа 1954 оны дөрөвдүгээр сарын 20-нд Ангела Меркель төрсөн ба түүнийг өөр айл өргөж авсан хэмээн мэдээлж байв.
Энэ дуулианд мэргэжилтнүүд албан ёсоор хариу өгсөн байдаг. Анагаах ухааны талаас нь доктор Самохвалов тайлбарлахдаа “Эр үрийн шингэнийг хөлдөөж хадгалах арга Гитлерийг нас барснаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1949 онд хамгийн анх амжилттай хэрэгжсэн. Хөлдөөсөн үрээр эмэгтэйг жирэмслүүлэх ажил дөнгөж 1954 онд эхэлсэн. Үүнээс өмнөх туршилтууд бүтэлгүйтэж эр эсүүд үхсэн” гэв.
Мөн хэрвээ Германы эрдэмтэд ийм туршилт хийсэн юм гэхэд тухайн үед 38 настай байсан эмэгтэйг сонгохгүй. Яагаад гэвэл 35-аас дээш насны эмэгтэй ийм аргаар жирэмслэх магадлал тун бага. Эрчүүдийн тухайд нас нь 50 гарсан л бол үр хөврөлөөс нь хүүхэд төрөх магадлал тэг хувьтай байдаг.
Тэгээд ч доктор Карл Клауберг хэзээ ч зохиомлоор үр тогтоох ажил хийж байгаагүй. Тэр 1942 оноос эхлэн бөөнөөр хорих лагерт ажиллаж байгаад 1945 онд Зөвлөлтийн талд олзлогдон Орост долоон жил хоригдсон. Тэр Освенцимын бөөнөөр хорих лагерьт эмэгтэй хоригдлуудын умайг хүчлээр түлэх, өндгөн эсийг авах, үтрээг тайрах зэрэг туршилт хийж байсан ч зохиомлоор үр тогтоох туршилт хийж байгаагүй гэж шуугианыг няцааж байв.
Харин түүхч Петр Антипенко “Гитлер 1945 онд нас барахдаа 56 настай байсан. 1954 оны хоёрдугаар сарын 6-нд Маргарет Фегелейн Курт Берлингхоффын гэргий болсон гэж байв. Архивт бүр тэдний зураг байдаг ба тэднийг хуримлаж байхад Гретль долоон сартай жирэмсэн байсан гэсэн байдаг.
Шинзо Абэ: 2014 оны хоёрдугаар сард Хойд Солонгосын KCNA мэдээллийн агентлаг “Азийн Гитлер” хэмээн нийтлэл хэвлүүлж Японы Ерөнхий сайд Шинзо Абэг гуравдугаар рэйхтэй зүүрлээд авсан байдаг. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Засгийн газартаа цэргийн хүчийг нэмэгдүүлж, олон улсын дипломат, аюулгүй байдлын харилцаанд үзүүлэх Токиогийн нөлөөг нэмэгдүүлэхийг зорилготой Батлан хамгаалахын хуулийн төслийг оруулж ирсэн байжээ.
Энэ хууль батлагдсанаар үндэсний аюулгүй байдлын бодлогод өөрчлөлт оруулж, дэлхийн II дайнаас хойш анх удаа Япон Улс холбоотон орнуудаа цэргийн хүчээр хамгаалах боломжтой болох асуудал хөндөгдөж байсан аж.
В.Путин: 2014 оны тавдугаар сард Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Адольф Гитлертэй харьцуулж хэлсэнээс болж олон улсаас шүүмжлэл сонссон юм. Оросууд энэ зүйрлэлд маш эмзэг хандсан бөгөөд санаатайгаар өдөөн турхирсан үйлдэл хэмээн үзсэн байдаг.
Москвагийн эрх баригчид ханхүү Чарльзийн үгэнд тайлбар өгөхийг Их Британийн Гадаад хэргийн яамнаас шаардах үед Британийн зарим улстөрчид “Ханхүү Чарльзийн хувийн үзэл бодлыг улс орны Гадаад харилцаатай холбохгүй байхыг сануулсан байв.
Мөн Ханхүүг Английн Ерөнхий сайд Дэвид Камерон өмгөөлөн “Ханхүү энэ үгийг санаандгүй хэлсэн учир ОХУ-ын Ерөнхийлөгчөөс уучлалт гуйх шаардлаггүй” гэсэн бол Хатан хаан II Элизабет “Ерөнхий сайд Дэвид Камероны хэлсэн шиг Ханхүү Путиныг санамсаргүйгээр Гитлертэй зүйрлэсэн” гэж Букингемийн ордноос мэдэгдсэн байдаг.
Дональд Трамп: Гитлертэй зүйрлэгдсэн улстөрчдийн сүүлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мушгиж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампант ажлын үеэр инээдмийн жүжигчин Луи Секей Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн А.Гитлертэй зүйрлэсэн байдаг.
Тэрбээр бүр сонгогчдод хандан “Трампийг дэмжихээ больцгоо. Хөгжилтэй л байлаа. Гэхдээ энэ хүн бол А.Гитлер. Би юу гэх гэсэн бэ гэвэл бид яг л 30-аад оны германчууд шиг байна. Гитлер бол үсээ мөлчийтөл самнасан, худлаа ярьсан этгээд байсан. Д.Трамп хэрэв Ерөнхийлөгч болвол аймшигтай зүйл болно. Тэр зүгээр л телевизийн шоугаа хийгээд явж байг. Барилга байшинг өөрийнхөө нэрээр нэрлэг. Харин түүний төлөө бүү санал өгөөрэй” гэж уриалж байсан билээ.
Д.ХАЛИУН