Өнгөрсөн ням гаригт (2017.04.23) Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж, нэр дэвшигч Эммануэль Макрон хамгийн өндөр санал авч, Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен удаалсан. Ирэх сард болох хоёрдугаар шатны санал хураалтын дараа Францын Төрийн тэргүүн тодроно. Ирэх таван жилд Францын Төрийн тэргүүний суудалд Эммануэль Макрон суух уу эсвэл Марин Ле Пен үү гэсэн асуулт тус орны иргэдийн анхаарлын төвд байна. Тэднээс гадна гэр бүлүүд нь ч сонирхол татаж байгаа аж. Ингэхэд тэд хэн бэ?
Эммануэль Макроны гэргий Брижит
“Урагшаа” хөдөлгөөний тэргүүн, мөн түүний гэргий Брижит Макрон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн алдартай хосын нэг юм. Брижит Тронье нь нөхрөөсөө 24 насаар эгч, 1953 онд Францын Пикардийн Амьен хотод төрсөн. Брижитийн эцэг эх шоколадны алдарт эзэнт гүрнийг тэргүүлдэг байсан бөгөөд тэднийх таван үеэрээ бялуу, макарон үйлдвэрлэдэг байжээ.
Брижитийн хувьд сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй. Макроны сурч байсан хотын Христийн шашны дунд сургуульд 12 жил багшилсан. Макронтой танилцахаасаа өмнө Брижит Тронье нөхөртэй байсан бөгөөд анхны нөхрөөсөө гурван хүүхэдтэй. Өдгөө түүний хүүхдүүд бүгд тусдаа гарцгааж, зүрх судасны эмч, хуульч, инженерээр ажилладаг, үр хүүхдүүдтэй болцгоожээ. Брижит Макрон зургаан ач зээтэй.
Францын нэгэн сонинд бичсэнээр Макрон 17 насны төрсөн өдрөөрөө багшдаа “Та юу ч хийсэн, надаас яаж ч зугтсан, би тантай гэрлэх болно” гэж хэлж байсан гэнэ. Тэр үед бүсгүй өөртөө итгэлтэй энэ хөвгүүнийг хараад дооглож байсан ч 2007 онд үнэхээр л түүнтэй гэрлэсэн юм. Брижит багшийнхаа ажлыг орхиод, өдгөө Макронд Францын дараагийн Ерөнхийлөгч болоход тусалж байгаа аж. Эммануэль түүнийг өөрийнхөө итгэмжит зөвлөх гэж үздэг. “Paris Match” сэтгүүлд “Брижит ихэнх цагаа Макроны дэргэд өнгөрөөж, түүний тухай юу ярьж байгааг уншиж, сонсдог болохоор Макрон түүнээс асууж, зөвлөгөө авдаг” гэж бичжээ.
Марин Ле Пений найз залуу Луи Алио
Хэт барууны тэргүүн Марин Ле Пен хоёр удаа нөхрөөсөө салсан нэгэн. Анхны гэрлэлтээсээ тэр гурван хүүхэдтэй. Тэрбээр анхны нөхрөөсөө 2002 онд улс төрийн карьер өссөнөөсөө болж харилцаа нь муудаж салсан байна. Хоёр дахь нөхөр Эрик Иориотойгоо төдий л удаан амьдраагүй.
Харин Марин Ле Пен 2009 оноос “Үндэсний фронт”-ын дэд ерөнхийлөгч, ажлын хамтрагч Луи Алиотой хамт амьдарч байна. Луи Алиогийн хувьд 2002 онд Марин Ле Пений сонгуулийн өмнөх кампанит ажилд идэвхтэй оролцож байсан юм. Луи Алио 1969 онд Тулузад Алжир гаралтай айлд төрсөн. Марин Ле Пентэй танилцахаасаа өмнө эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байжээ.
Б.ЗАЯА