Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Иргэдээ сонсъё” аяныг хоёр сарын хугацаанд явуулж байна. Тус аяны нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн иргэний танхимд боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож, 9 дүүргийн иргэдийн төлөөлөлд аяны талаарх мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь сонсч байв. Аяны хүрээнд есөн дүүргийн 30 мянга орчим иргэнтэй уулзаж, 3 мянга орчим саналыг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай зарим асуудлыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар оруулж шийдвэрлэн ажиллах аж.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Иргэдээс ирсэн санал санаачлагын дагуу газар дээр нь шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлэж, цаг хугацаа болоод хөрөнгө шаардагдсан асуудлуудыг НИТХ-ын нэгдсэн чуулганаар шийдвэрлэнэ гэсэн байр суурьтайгаар ажиллаж байна. Аяны хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүд хамт явж иргэдэд тулгамдаад байгаа асуудлуудыг сонсон. Өнөөдрийн нэгдсэн хэлэцүүлгээр иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэж, намар хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнах болно. Иргэдээс ирсэн саналын дийлэнхийг ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал эзэлж байна. Өнгөрсөн жилүүдэд шат шатандаа буруу бодлого явуулснаас болж ажлын байргүй болж, ядуурал ихэссэн. Үүнийг засч залруулахыг иргэд хүсч байна. Түүнчлэн өдөр тутамд тулгарч буй зам, цахилгаан, төрийн албаны хүнд суртал гэх мэт асуудлуудыг иргэд хөндөж байна” хэмээлээ.
Ард түмний амьдралд шууд нөлөөлөх шийдвэр гаргахдаа иргэдийн дуу хоолойг сонсч, оролцоог нэмэгдүүлж байгаад иргэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Түүнчлэн өмнөх хотын удирлагуудын үед бүтээн байгуулалт тун бага байсан. Харин ч хөрөнгө мөнгө, газар гэх мэт зөрчилтэй асуудал олон байсан гэдгийг иргэд хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Иргэдээс ирсэн саналуудаас нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт суугдсан хийгдэж байгаа олон ажил бий. Энэ жилийг бид иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Энэ нь дан ганц нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд санал авна гэсэн үг биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албаны хариуцлага, ёсзүй, ажилдаа эзэн байх зэргээс эхлүүлээд олон зүйл алдагдсан. Үүнийг бид буцаан сэргээж, засч залруулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байна. Түүнчлэн бүх шатанд иргэд юуг хүсч байгаа вэ, түүнийг хэрхэн зөв хийж гүйцэтгэх вэ гэдэг дээр та бүхэнтэй хамтран шийдэх нь энэ жилийн гол онцлог оршиж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд үүссэн эмх замбараагүй байдлыг цэгцлэхэд анхаарлаа хандуулж байна. Хотын хувьд шийдвэрлэх ёстой ажил маш их байна. Бид иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулж, байгаа хөрөнгөө үр ашигтай, зөв зүйлд зарцуулж ажиллана. Томоохон дэд бүтцийн ажлуудыг гадны хөрөнгө оруулалт, хөнглөлттэй зээлийн хүрээнд хийх болно” хэмээн хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.