“Sergelen international expedition” ТББ-аас 1000 жилийн өмнөх Түрэг бичээсийг тайлж уншсан талаар өнөөдөр (2019.04.10) мэдээллээ.
Одоогоос 1000 жилийн өмнө Хүн бичгийг уйгар бичгээр солисноос хойш өнөөдөр анх удаа өөрсдийн бичгийг сэргээн нээж байгаа нь энэ юм байна. Истанбулын турк хэл нь Хүн хэл боловч хамгийн дээд зэргээр бохирдсон гэдэг тайлбарыг мэдээллийн эхэнд өглөө.
Монгол Улсын нутаг дэвсгэрээс нийт 70 гаруй их, бага хадны бичээсүүд илэрсэн байдаг. манай эриний VI-VIII зууны үед өнөөгийн Монгол Улсын нутагт байсан Түрэгийн түүхэнд хамааруулан авч үздэг тэдгээр бичээсүүдийг монголчууд өөрсдөө тайлж, уншиж чадахаар болжээ.
Монголын нутаг дэвсгэрээс олдсон хадны бичгийг судлах ажил XX зууны эхнээс эхэлсэн бөгөөд ихэнхдээ гадаадын эрдэмтэд судалж, өөрсдийнхөөрөө тааж тайлсан тохиолдол их бий. Харин энэ удаад Хүн бичгийг зөв сэргээж уншсан явдал нь Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болж байгаа төдийгүй Орхон голын сав нутаг дахь Билгэ хаан, Голтэгиний гэрэлт хөшөөдийн бичгийг дахин шинээр тайлж уншсан байна.
Мөн Монгол нутгаас илэрч олдсон их, бага зарим хадны бичгүүд Хүн бичиг буюу Хүннү Улсын үед бичигдсэн байх магадлалтай гэдгийг энэ үеэр цохон тэмдэглэлээ.
“Sergelen international expedition” ТББ-ын үүсгэн байгуулагч, эрдэмтэн С.Сэргэлэн Хүн хэлний 50 хоногийн анхны сургалтаа зохион байгуулснаар хуульч, багш зэрэг өөр өөр мэргэжлийн 12 хүн энэхүү бичгийн үндсэн зарчим, зүй тогтлыг ойлгон уншиж чаддаг болжээ.