Онцлох мэдээРедакцийн сонголтУлс төр

Төмөр замд дайчлагдах үрсийнхээ амь насны баталгааг Батлан хамгаалахын сайдаас шаардаарай

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг 1800 цэргийн албан хаагчийг дайчилж, 1.2 сая америк долларт багтаан барина. Ажлыг тавдугаар сарын 1-нд эхлүүлнэ гэж Зам тээврийн хөгжлийн сайд сүртэй мэдэгдэв. Ингэснээр энх цагийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь татагдан орж, бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллах юм байх.

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг өнөөдөр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа хэдэн цэргүүд арай өнгөлөг харагдуулдаг. Гэвч тэдний авдаг цалин хөлс, тэдний үнэлэмж НҮБ-ийн Энхийг сахиулагч орнуудын цэргүүдээс хамгийн бага, хамгийн доогуур. Гэр бүл, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын нэр хүндийг өргөж байгаа хэдэн цэргийнхээ араас яамны удирдлагууд санаа тавьдаг ч үгүй. Үгүйдээ л цалин хөлсийг нь бусад орны жишигт ойртуулъя гэж НҮБ рүү нэг бичиг илгээж, санал өгч хөөцөлддөггүй.

483548_111183155717690_1512044493_n Төмөр замд дайчлагдах үрсийнхээ амь насны баталгааг Батлан хамгаалахын сайдаас шаардаарай

Дайны талбарт алба хааж байгаа энхийг сахиулагчиддаа ийм хүйтэн ханддаг БХЯ, ЗХЖШ-т дотоодын цэргийн ангиудад нэг, хоёр, гурван цэрэг амь насаа алдах нь юу ч биш хэрэг байж мэдэх юм. Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байрладаг Зэвсэгт хүчний 336-р ангид цэргийн алба хааж байсан 19 настай байлдагч А амь насаа алдсан хэргийг иргэд санаж байгаа байх.

Зодуур, дэглэлтийг даалгүй нас барсан 19 настай цэргийн үхлийг шалгах ажилд цагдаа, прокурорын байгууллага хайхрамжгүй хандаж, ЗХЖШ, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар мөс шиг хүйтэн загнасаар өдий хүрсэн. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй уулзахаас татгалзсаар цэргийн баяраа тэмдэглэж чадсан юм даг.

862d33ea9fc1639f708d93235ec28a20 Төмөр замд дайчлагдах үрсийнхээ амь насны баталгааг Батлан хамгаалахын сайдаас шаардаарай
2019 оны гурав дугаар сарын 18. Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулгын ар гэрийхэн суулт хийжээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХДОЛГИОН MPA

2017 оны хавар Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв “Тавантолгой”-д гранат дэлбэрч, хээрийн сургалт дадлагад гарч, байлдааны буудлага хийж байсан ахмад болон ахлагч цолтой хоёр залуу нас барсан айшигт хэрэг гарсан. Энэ хэрэг тэгсхийгээд мөн л чимээ аниргүй дарагдсан юм.

Данстай цэргүүддээ ийм хүйтэн ханддаг удирдлагууд одоо 1800 цэргийг бүтээн байгуулалтад дайчлах гэнэ. Тангараг өргөсөн тоо толгойтой хэдээ гадаад, дотоодод нэг иймэрхүү, ирээдүйг нь бүрхэг байлгадаг БХЯ, ЗХЖШ-ынхан энэ хавраас мэргэжлийн биш, дийлэнх нь 18-22 насны залуучуудыг, цэргийн дэглэлт дор нойр хоолгүй, амрах цаггүй ажиллуулах болж байна.

Тэднийг мөн л бүтээн байгуулалтад оролцож байгаа гэсэн нэртэй, “би чадна”-чуудын арми, мэргэжлийн биш хүмүүс, мэргэжлийн биш баг удирдана. Ийм нөхцөлд Монгол Улс ямархуу хэмжээний хөрөнгө, хүч хаяж, ямархуу төмөр замтай болохыг дүгнэхэд бэрх.

Яамны удирдлага, ЗХЖШ-ынхан цэргүүдээ “золигт” гаргачихаж чаддаг хэрнээ Батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд урагшлуулсангүй. Харин ч шат шатны дарга нар нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгочихоод хээв нэг сууцгааж байна.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гэхэд 2017 онд төрсөн эгчийн хүүхэд болох н.Баяр-Очирыг ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн даргаар томилуулжээ. Үүнээс гадна БХЯ-ны шугамаар хэрэгжиж буй төсөл, тендер хөрөнгө оруулалттай мөнгөнөөс Батлан хамгаалахын сайд Н.Энхболд шууд оролцоотой “мөнгө”-ний асуудлууд чих дэлсэх боллоо. Бид цувралаар уг асуудлыг мэдээлэх болно.

Яамыг хувийн сонирхлоор удирдаж байгаа Н.Энхболд сайд өнгөрсөн хугацаанд хоёр хөршөө үл алгасаад хэдэн хил дамнасан АНУ, Туркт айлчилж, НҮБ-ын индэр дээрээс Энхийг сахиулах албанд хүч нэмэгдүүлнэ гэж том амлаад ирсэн. Ингэхэд сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний хэдэн хувийг НҮБ-ийн тусгай ажиллагаанд, хэдэн хувийг төмөр зам руу илгээх гээд байна вэ?

Төмөр замд ажиллах цэргүүдийн амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцах чадал энэ яаманд байгаа юу. Нэгэнт ийм шийдвэр гаргаж байгаа бол идэр залуухан хөвгүүдээ эргээд эсэн мэнд угтаж чадах уу гэсэн баталгааг цэрэгт хүүгээ үдсэн ээж, аавууд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-аас авч үлдсэн  нь зөв байх шүү.

Н.ТӨМӨР

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close