Барилга, хот байгуулалтын сайд Баделхан өнөөдөр (2019.04.10) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн түрээсийн орон сууцыг өмчлүүлэх асуудлын талаар мэдээлэллээ. Түрээсийн орон сууц ашиглаж байгаа иргэн тухайн түрээсэлж буй байгууллагадаа хүсэлт гаргаад дараах хоёр нөхцлөөр байраа өмчлөх боломжтой болох тухай журмыг баталжээ. Үүнд:
Нэгдүгээрт, тухайн байрны төлбөрийн 30 хувийг нь төлсний дараа ипотекийн зээлд хамрагдан өмчилж болно. 30 хувийг ямар хугацаанд төлөх вэ гэдгээ тохиролцох боломжтой.
Хоёрдугаарт, айл өрх тухайн түрээслэгч байгууллагатай сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тохиролцож төлөх байдлаар байраа өмчилж авах боломжтой болно.
Үүнд түрээсийн орон сууцны сангаас бүрдсэн, тус сангаас авч түрээсээр ашиглаж байгаа байрууд хамрагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ТОСК-ийн I, II буюу Буянт-Ухаа1, Буянт-Ухаа2 хорооллын иргэд орон сууцаа хувьчилж авч болно гэсэн үг. Гэхдээ өмнө нь төлсөн түрээсийн төлбөр тооцоонд орохгүй, шинээр гэрээ байгуулах юм байна.
Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байна.
Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, нийт 8522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болсон. Иргэдийн дийлэнх нь орон сууцаа өмчилж авах хүсэлтээ гаргасаар байна.
Буянт-Ухаа 2 хорооллыг түрээсийн орон сууц болгох журмыг дараагийн Засгийн газрын хуралдаанд оруулах аж. Энэхүү 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны зээлээр барьж байгаа бөгөөд одоогийн тооцоогоор м.кв нь 1.4 сая төгрөгийн өртөгтэй байгаа юм байна. Мөн түрээсийн орон сууцыг ТОСК, НОСК-ийн хэн нь хариуцах талаарх шийдвэр гараагүй байна.
Журам батлагдсан өдрөөсөө буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.