Google-ийн толгой компани Alphabet дрон ашиглан иргэдийн захиалсан барааг Австралийн нийслэл орчимд хүргэж эхэллээ. Өчигдрөөс эхэлсэн энэ ажлыг Wing төслийнхөн удирдан явуулж, Канберра хотын ойролцоох Крэйс, Палмерстон, Фрэнклин дүүргүүдийн 100-аад айл өрхийг хамруулжээ.
Эдгээр айлууд орон нутгийн дэлгүүр, үйлчилгээний газруудаас эм тариа, кофе, хүнс хоол зэрэг жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүнүүн захиалж, хүргэлтийг дрон гүйцэтгэж байгаа юм. Төслийн баг цаашид захиалга өгөх айл өрх, захиалгыг нийлүүлэх үйлчилгээний газрын тоог нэмэх гэнэ.
Дрон ашиглаж бараа түгээх ажлыг Австралид анх 2014 онд туршиж эхэлсэн байна. Тус улсын Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг хянах газар саяхнаас албан ёсны зөвшөөрөл олгосон учраас үйлчилгээг албан ёсоор эхлэх боломж Wing төслийнхөнд олдсон байна.
Гэхдээ бараа хүргэлтийн дронуудад даваа гаригаас бямба гаригт өглөөний 7 цагаас өмнө нислэг үйлдэхгүй. Ням гарагт өглөөний 8 цагаас хойш нисэх зөвшөөрөл олгожээ. Мөн авто замын гол сүлжээгээр нисэхгүй, зөвхөн барилга, орон сууцны дээгүүр нисэх гэнэ.
Дрон захилгыг хүргэж өгөхдөө хүлээн авагч хүнээс багадаа 5 метр өндөр, 2 метрийн зайтай байх ёстойг мөн нарийвчлан зааж өгсөн байна. Төслийн баг одоо туршилтын үйлчилгээг Финландын Хельсинкид эхлэхээр бэлдэл ажилдаа оржээ.
Эх сурвалж: Engadget