Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Түүнчлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах 35, 63 дугаар ангиуд өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ. Одоогоор, дүүргийн 11, 20 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт тосгонд ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг дээрх хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Мөн хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, ой, хээр болон ил задгай газар гал түлэхгүй байхыг дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Эх сурвалж: ОБЕГ