“Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр (2019.04.09) “Хамтын хүч, хамтын амжилт” уриа бүхий жижиглэн худалдаа эрхлэгчдийн эв нэгдлийн цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд тэдний зүгээс “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологийн инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэх үндсэн гурван сэдвийн хүрээнд төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлж байгаа юм байна.
Монгол Улсад Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой өнгөрсөн онд тохиосон билээ. Ойн хүрээнд “МЖХЭХ” ТББ өнгөрөгч арванхоёрдугаар сарын 7-ны өдөр “Их хүрээ 2018” ээлжит чуулганаа зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, цаашдын төлөвлөгөө, шийдлээ хэлэлцсэн байдаг. Тухайн үед тэдний хамгийн их хөндөж ярилцсан сэдэв бол хүний нөөц ба хөрөнгө оруулалт, хамгийн гол нь эрх зүйн орчин байв.
Монгол Улсад дотоод худалдаанд хамааралтай 30 гаруй хуулийн 100 гаруй заалтууд мөрдөгддөг ч, Худалдааны тухай хууль, журам огт байдаггүй гэж тэд хэлж байсныг өнөөдөр ч нэхэн санууллаа. Харин Зөрчлийн тухай хуулийн 21 заалтаар л худалдаа эрхлэгчдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалт үйлчилдэг аж. Мөн дотоод худалдааны талаар Хөгжлийн баримт бичгүүдэд ч тодорхой зорилт тусгагдаагүй гээд тулгамдсан олон асуудлыг тэд ээлжит чуулганыхаа үеэр хэлэлцэж байлаа.
Тэгвэл өнөөдөр худалдаачид өөрсдийн дуу хоолойгоо төр засагт хүргэхээр ийнхүү дахин цуглажээ. Ингэхдээ төр засгийг буруутгах бус, харин төртэйгээ хамтран ажиллаж, саналаа солилцож, ЖДҮХС-гаас зээл авахад дэм болохуйц зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулахыг хүсч, уриалахыг чухалчилж буй гэдгийг “МЖХЭХ” ТББ-ын ерөнхийлөгч Д.Нарантуяа цуглааны нээлтийн үеэр илэрхийлж байсан юм. Тэрээр цааш хэлсэн үгэндээ тэдний олон бэрхшээлийн нэг болсон Татварын тухай хуулийг онцлон, энэ хууль нь жижиглэн худалдаа эрхлэгчдэд их дарамт болж байгааг дурдаж байлаа.
Цулгааны үеэр худалдаачид “Их хүрээ 2018” чуулганы үеэр хөндөгдөж байсан худалдааны салбарыг зохицуулах хуулийн зохицуулалтгүйгээс тэд эрх ашгаа хамгаалж чадахгүй байгаа асуудлыг дахин дахин хэлж байв.
Монголын худалдааны салбар нь 204 мянган ажилтныг эгнээндээ нэгтгэсэн том салбар. Гэвч УИХ-ын гишүүд энэ салбарыг эзэнгүй айл мэт орхигдуулж ирсэнд худалдаачид гомдолтой байдаг гэдгийг эндээс харж болно. Жижиглэн худалдаа эрхлэгчдэд зориулсан зээл гэж байдаггүй, ЖДҮХС-гаас тэд зээл авах боломжгүй тул арилжааны банкны өндөр хүүд хүлцэнгүйгээр дарлуулж ирсэн тухайгаа тэд ярьж байна.
Тухайлбал, худалдаачид ингэж ярьж байна:
-Монгол Улсад худалдаачдын эрх ашгийг хамгаалсан хууль эрх зүйн орчин алга. Банкны өндөр хүү төлж суухаас өөр арга алга. Мэдээж ЖДҮ-ийг хөгжүүлэх нь зөв. Нөгөө талаараа, Монголын төсвийн нэгээхэн хэсгийг бүрдүүлж байгаа хүмүүс нь худалдаачид.
-Биднийг бодлогоор дэмжээд, ЖДҮХС-гийн зээлд хамрагдах боломжийг нь бий болгоод өгчихвөл Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны сүлжээ дэлгүүрүүдтэй өрсөлдөх бүрэн боломжтой гэж харж байна.
-Бид хэнд ч дарамт бололгүйгээр амьдралаа өөрсдөө л авч явдаг. Гэтэл хуулийн зарим зохицуулалт бидний нуруун дээр илүү ачаа үүрүүлж байгааг л эсэргүүцэж байгаа юм. Жишээ нь Тамхины тухай хууль нь их сайн хийгдсэн боловч ЕБС-иас 500 метрийн зайд тамхи татах болон худалдахыг хориглосон ганц заалт бидний хөлийг тушиж байна. 500 метрийг сургуулийн хаалганаас, эсвэл хашааны хаалганаас эхлэн тооцно гэсэн нарийн заалт байдаггүй. Бүх зүйл нь нэг дор төвлөрсөн хөдөө, орон нутагт энэ заалт хэрэгжих боломжгүй. Энэ бүрхэг заалтад өөрчлөлт оруулахыг хүсч байна.
-Энэхүү цуглааны зорилго нь дотоод худалдааны зохицуулалтын тухай хуультай болох, худалдаа эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, боломж, цаашдын хөгжлийн гарцуудыг тодорхойлон Төр засагтаа хүргэх явдал юм гэж ярьлаа.
Ийнхүү 97 жилийн түүхтэй худалдааны энэ том салбарыг зохицуулах хууль Монгол Улсад байхгүй, худалдаа эрхлэгчдийн эрх үүрэг тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандаж буй жижиглэн худалдаа эрхлэгчид Зөрчлийн тухай, Тамхины тухай гэх мэт хууль нь бодит амьдралд нийцэхгүй байна хэмээн үзэж, зарим хуулийн заалтуудад өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа юм байна. Ингээд цуглааны үеэр гарсан шийдвэрийг төрийн гурван өндөрлөгт хүргүүлнэ гэдгээ зохион байгуулагчдын зүгээс хэллээ.