Хүн наслахын хэрээр ой тогтоолт нь дахин сэргэх аргагүйгээр мууддаг. Тэгвэл Бостоны их сургуулийн хэсэг эрдэмтэд тархины тодорхой хэсгийг цахилгаан гүйдлээр эмчилсний дараа ой тогтоолтыг залуу хүнийхтэй ижил түвшинд сайжруулж чадсанаа мэдээлжээ.

Судалгааны үр дүн Nature Neuroscience сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тэд хүний “ажлын ой санамж” гэгддэг тархины хэсэгт судалгаагаа чиглүүлжээ. Энэ хэсэг өдөр тутмын үйлдэл, шийдвэртэй холбоотой мэдээллийг түр хугацаанд санах зориулалттай.

Тухайлбал арифметик тооцоо хийх, шинэ танихгүй орчинд зүг чигээ олох гэх мэт олон үйлдэлд ашиглагддаг байна. Тархины энэ хэсгийн ажиллагаа нас өндөр болох тусам мууддаг. Муудах гол шалтгаан нь хүний тархины духны хэсэг болон чамархайн хэсэг хоёрын хэлхээ холбоо тасарснаас болдог гэнэ. Залуу хүний хувьд энэ хоёр хэсгийн мэдээлэл тодорхой давтамжтайгаар байнга зэрэгцэн шинэчлэгдэж байдаг. Харин настай хүний хувьд хоорондын мэдээлэл солилцоо муу явагддаг байна.

Эрдэмтэд туршилтдаа 20-29 насны 42 хүн, 60-76 насны 42 хүнийг оролцуулжээ. Эхлээд тэднээс ой тогтоолтыг нь шалгах сорил авсан байна. Мэдээж настай хүмүүсийн үр дүн муу байсан гэнэ. Дараа нь эрдэмтэд тэдний тархийг 25 минутын турш аюулгүй, хөнгөн цахилгаан гүйдлээр эмчилжээ. Энэ эмчилгээг дээр дурдсан тархины хоёр хэсгийн хоорондын холбоог сэргээх зорилгоор гүйцэтгэсэн байна.

Үүний дараа настай хүмүүсийн ой тогтоолт огцом сайжирч, туршилтад оролцсон залуусын чадвартай нэг түвшинд хүрсэн гэнэ. Гэхдээ энэ байдал 50 минут орчим үргэлжлээд буцаж муудсан байна. Судалгааны үр дүн нь өндөр настнуудын ой тогтоолт яагаад мууддагийг тодорхой болгох, Алцхаймер, шизофрени зэрэг өвчнийг эмчлэх аргыг нээхэд чухал нөлөө үзүүлэхээр байгааг эрдэмтэд онцолжээ.

Гэхдээ энэхүү туршилтыг шүүмжлэгчид нь гүйдлээр эмчлэх арга тархины нэг хэсэгт сайн нөлөө үзүүлсэн ч бусад хэсэгт сөргөөр нөлөөлж болзошгүй тул хэрэглээнд нэвтрүүлэхээсээ өмнө сайтар судлах ёстойг анхааруулсан байна.

Эх сурвалж: The Guardian

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн