Улаанбаатар хот руу өчигдөр (2019.04.08) 14 цагийн үед 20 орчим тн үхрийн мах оруулж ирэх гэж байсныг Эмээлтийн товчоон дээр саатуулж, СХД-ийн мэргэжлийн хяналтын байцаагчид тагнуулын байгууллагынхантай хамтран шалгалт хийжээ. Шалгалтаар нядалгааны бус байдлаар үхсэн малын мах байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон учир махнаас дээж авч шинжилгээнд хамруулахаар болсон байна.
Тэрхүү их хэмжээний үхрийн мах нь Эмээлт дэх Цан сэнтиан ий ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн захиалгаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн н.Ерганаас ирсэн бөгөөд гарал үүслийн гэрчилгээтэй байжээ. Гарал үүслийн гэрчилгээн дээр холбогдох бүх газруудын баталгаажилт хийгдэж, гарын үсэг зурсан байна. Гэтэл хүнсэнд тэнцэнэ гэсэн баталгаа хийгдсэн мах нь анхан шатны үзлэгээр муудсан үнэр орсон, цусалтгүй, туранхай байжээ.
Баян-Өлгий аймгийн нутаг зудтай байгаа бөгөөд нядалгааны бус байдлаар үхсэн мал байж болзошгүй гэсэн шинж тэмдэг илэрсэн тул дээжийг нь өнөөдөр (2019.04.09) лабораторийн шинжилгээнд өгсөн байна. Мөн албаныхны хэлснээр орон нутгийн холбогдох албаныхан маханд үзлэг хийж шалгалгүйгээр шууд гарын үсэг зурдаг асуудал байгаа тул энэ төрлийн зөрчил гарахад хүрсэн гэж дүгнэж байна.
Цан сэнтиан мах боловсруулах үйлдвэрийн хувьд тухайн мах ачсан тээврийн хэрэгслийг хашаандаа оруулахаас татгалзсан бөгөөд хөргүүргүй тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн махыг тухайн компанийн агуулахад түр буулгаж, лацадхаар болсон байна.
Ингээд өнөөдрөөс махнаас авсан дээжийн шинжилгээний хариу тодорхой хугацааны дараа гарах бөгөөд бусад шалгалтын ажлууд эхэлсэн байгаа юм. Хэрэв шинжилгээгээр нядалгааны бус байдлаар үхсэн малын мах гэдэг нь тогтоогдвол устгалд оруулна.