УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.04.08) болж Үндсэн хуулийн өөрчлөлт болон Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, 2019 оны хөрөнгө оруулалт, явц үр дүнгийн асуудлыг хэлэлцжээ.
Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дөрвөн том чиглэлд анхаарч байгаа аж.
1/УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх.
2/Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх, тогтвортой, хариуцлагатай ажиллах боломжийг нэмэгдүүлэх.
3/Шүүхийн хараат бус байдлыг хангах.
4/Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох.
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ажлын хэсгийнхний мэдээллийг сонсчээ. Уг асуудлыг дараа дахин хэлэлцэж эцэслээд УИХ-д өргөн барих юм байна.
Мөн боловсрол, спорт, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл нэлээд тааруу байгаа учраас бүлгээс энэ чиглэлээр Засгийн газарт тодорхой чиглэл өгсөн байна.
Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулах тухай сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариулахдаа “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд 360 мянган иргэнээс ирсэн саналуудаас 70-аас дээш хувиар дэмжлэг авсан заалтыг оруулж байна. Үндсэндээ 7-8 зүйлд өөрчлөлт оруулж байгаа. Үүнд дордуулсан долоо гэдэг асуудалд ч өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, чуулганы үргэлжлэх хугацаа, “давхар дээл”-ийг хориглох, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгах, төсвийг батлахтай холбоотой асуудал, шүүх эрх мэдлийн тухай зэрэг асуудал байна. Ажлын хэсэг олон удаагийн хурал, хэлэлцүүлэг, санал асуулга зэрэг олон төрлийн ажил зохион байгуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлтүүдийн талаар иргэдийн саналыг авсаар байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн явцад хасах, засах асуудал яригдахаас биш шинэ заалт орохгүй” гэх мэдээллийг өглөө.
Мөн Ерөнхийлөгчийн хууль санаачлах, чиглэл өгөх эрхийг хэвээр үлдээж байгаа гэдэг тайлбарыг өгсөн юм. Харин шүүх эрх мэдэлд хэт хутгалддагийг хязгаарлаж байгаа аж.
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөхийг хэрэгжүүлэхээр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа юм байна. Ерөнхий сайдын УИХ-ын өмнө хүлээх үүрэг хариуцлага нь нэмэгдэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 1/4-ээр тавьж байгаа гэнэ. Засгийн газрыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг байх заалт орно гэв.
Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санал хүргүүлсэн УЕП-ын орлогчийн асуудлыг хэлэлцээгүй гэлээ. Гэхдээ чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээс өмнө бүлэг хэлэлцэж, байр сууриа нэгтгэх юм байна.