Зарим хүмүүс зөгийнд дургүй. Тэд бол хээр хөдөө тав тухтай зугаалахад нь саад болдог хамгийн том дайсан ч гэлцдэг. Гэхдээ энэ бяцхан шавж мөхөж байна.
Жижигхэн, аймшигтай ч юм шиг энэ шавж хүн төрөлхтний хоол хүнсний 90 хувийг хангаж өгдөг гэвэл итгэх үү. Өөрөөр хэлбэл зөгийгүй бол хүн төрөлхтөн амьдрах боломжгүй юм.
Энэ амьтныг аврахын тулд та заавал ойд, хээр хөдөө амьдардаг байх албагүй.
Британийн амьтан судлаач, 92 настай Дэвид Аттенборо бүхий л амьдралынхаа турш энэ амьтны амьдрал, хүрээлэн буй орчны төлөө тэмцэж байгаа нэгэн юм. Тэрбээр “Хэрвээ зөгийнүүд газрын хөрснөөс арчигдах юм бол хүн төрөлхтөн амьд үлдэх 4 жил л үлдэнэ. Дээд тал нь шүү” хэмээн Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Зөгийнүүд бидний иддэг хүнсний 1/3-ийг тоос хүртээх маягаар ургуулж, үржүүлдэг. “Гэтэл сүүлийн 5 жилийн дотор зөгийн тоо толгой 1/3-ээр багассан” гэж Дэвид Аттенборо бичсэн байна.
Хэдий тийм боловч нөхцөл байдлыг засах боломжтой. Дэвид Аттенборо хүмүүсийг хашаандаа, хүлэмжиндээ, эсвэл хаалганыхаа дэргэд элсэн чихэр, багахан устай үлдээж байхыг уриалж байна. Энэ нь эх дэлхийгээ аврах нэг алхам юм.
“Зөгийнүүд ядраад, үүр рүүгээ нисэх эрч хүчгүй болсноор үхдэг. Хэрвээ та гэрийнхээ ойролцоо ядарч сульдсан зөгий харвал устай элсэн чихэр тавиарай. Энэ уусмал ядарсан зөгийн эрч хүчийг сэлбэнэ” гэсэн байна.
Үүний тулд хоолны хоёр халбага элсэн чихрийг хоолны нэг халбага устай холиод л гадаа тавьж байгаарай. Мөн тагтан дээрээ цэцэг тавьж, хээрийн зөгийнүүд танай гэрээр эргэлдэх боломж олгоорой.