Монголбанк 2019 оны I улирлын инфляцын төлөв байдлын тайлангаа өнөөдөр /2019.04.05/ танилцууллаа. Улсын хэмжээнд одоогоор инфляц 7.3 хувь байна. Өмнөх оны мөн үед инфляц 6.9 хувь байсан аж. Гурван жилийн өмнө буюу 2016 онд инфляц дефляцид байжээ. Зөв бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлт гаргаснаар дефляцигүй болсон.
Мөн 2016 онд ажилгүйдлийн төвшин 12 хувь байсан бол 2018 онд 6.6 хувь болж буурсан. Өрхийн бодит орлого 2014-2016 оны хооронд буурсан бол 2018 онд өсч дөрвөн хувь болсон. Хөрөнгө оруулалт 2013-2015 онд улирлын өсөлт нь дунджаар -18 хувь байсан бол одоо 27 гаруй хувьтай болсон. Валютын нөөц 2013-2016 онд буурсаар нэг тэрбум ам.доллар болсон бол одоо 3.6 тэрбум ам долларт хүрсэн. Төлбөрийн тэнцлийн алдагдал 20.6 тэрбум ам.доллар байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Зээлжих зэрэглэл 2013-2016 онд муудсан байсан ч сайжирсан.
Төсвийн тэнцэл жил бүр алдагдалтай гарч байсан бол 2018 онд ашигтай гарсан. Зээлийн жигнэсэн дундаж хүү 2013-2016 онд 20 хувь хүртэл өссөн бол 2017 оноос буурч, 11 хувь болсон. 2013-2016 онд зээлийн өсөлт агшиж байсан бол одоо 25 хувьд хүрч сэргэсэн. Энэ онд инфляцад нөлөөлөх гол хүчин зүйл нь махны үнийн өсөлт байна. Хятад улсад өнгөрсөн онд гахайн мялзан өвчин гарснаас үүдэж, энэ онд Монголоос мах импортлох эрэлт буурахгүй.
Түүнийг дагаж махны үнэ өндөр байна гэсэн төсөөллийг урьдчилан гаргажээ. Импортын барааны үнэ I, II дугаар улиралд өсөхөөр байгаа. Учир нь өнгөрсөн оны IV улиралд төгрөгийн ханш нэлээн суларсан. Төгрөгийн ханшийн сулрал гурваас дөрвөн сарын хугацаанд импортын барааны үнэд шингэж орж ирдэг аж. Дотоодын барааны үнэ өсөхгүй.
Дотоод барааны үнэд өмнө нь түүхий нүүрсний үнийг багтаадаг байсан. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэрийг ирэх тавдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ. Орлуулж сайжруулсан түлш нийлүүлэхээр нөөц бэлтгэж байгаа. Сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнээр борлуулагдах бодлого барьж байгаа тул дотоод барааны үнэд өсөлт гарахгүй гэж тооцоолсон юм байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа бөгөөд цаашдаа ч бага зэрэг буурах төлөв гарчээ.
Иймээс энэ оны инфляцад нефтийн үнэ нөлөөлөхгүй гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлт өмнөх оныхоо төвшинд хадгалагдана. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт сайжирхад Оюутолгойн далд уурхай төсөл нөлөөлжээ. Мөн экспортод гаргадаг бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр байсан нь таатай нөхцөл бүрдүүлсэн байна. Бүхий л татварын орлого давж биелжээ.
Энэ нь улсын төсвийн алдагдлыг бууруулахад голлох нөлөө үзүүлсэн. Гэхдээ ам.долларын ханшийн чангарал нь төгрөгийг сулруулсан. Төв банк үүний эсрэг тодорхой бодлого хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн онуудад мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга хэмжээ авснаар зээлийн хүү буурч, зах зээлд оролцогчдын итгэлийг нэмэгдүүлжээ. Цаашдаа өсөлт өмнөх оны төвшинд хадгалагдах төлөв гарсан бөгөөд өрхийн хэрэглээ, орлого нэмэгдэх хандлагатай байна.
Үүнд Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн нь мөн эерэг нөлөө үзүүлсэн. Энэ онд гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй ч төсвийн хөрөнгө оруулалт 3.2 их наяд төгрөг болж, нэмэгдэнэ. Дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, бизнесийн зээл өмнөх оныхоос нэмэгдэх хүлээлттэй байна.
Төв банкнаас бодлогын хүүг бууруулснаар арилжааны банкууд 2017 оны сүүлээс зээлийн хүүгээ бууруулжээ. Өнгөрсөн 2018 онд зээлийн жигнэсэн дундаж хүү 18 хувь байсан бол одоо 17 хувь болсон нь нэг жилийн хугацаанд 1 хувиар буурсан үзүүлэлт юм байна.