Төв Африкийн орнуудыг колоничолж байх үедээ холимон арьстай олон мянган хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгаж байсан үйлдэлдээ Бельгийн Засгийн газар уучлал гуйжээ.
Өчигдөр Брюссель хотноо болсон парламентын нэгдсэн чуулган дээр тус улсын Ерөнхий сайд Шарль Мишель албан ёсны мэдэгдлийг хийжээ. Энэ үед парламентын танхимын зочдын суудалд гэмт үйлдлийн хохирогч болсон олон арван хүн сууж байжээ.
Бельгийн эрх баригчид 1959-1962 онд Конго, Бурунди, Руанда улсуудын цагаан арьстан эрчүүд болон нутгийн хар арьст бүсгүйчүүдийн дундаас төрсөн хүүхдүүдийг эцэг эхээс нь хүчээр салган, эрлийз хүүхдүүдэл “метис” гэсэн нэр оноогоод Католик шашны сүм хийд болон бусад байгууллагуудын халамжинд шилжүүлж байжээ.
Харин Ерөнхий сайд Мишель “Бельгийн Конго, Руанда-Урундид тогтоож байсан колоничлолын үеэр метисүүдийг хүчээр салан тусгаарлах бодлого хэрэгжүүлж байсныг миний бие холбооны Засгийн газрын нэрийн өмнөөс хүлээн зөвшөөрч байна. Холбооны Засгийн газрын өмнөөс би Бельгийн колоничлолын үед метисүүд болон тэдний эцэг эхэд учруулсан зовлон шаналалынхаа төлөө уучлал гуйж байна гэж мэдэгджээ.
Энэ хэрэг явдлын төлөө 2016 онд Бельгийн католик сүм хийдийнхэн мөн уучлал гуйж байсан юм. Ингэснээр Бельги Улс анх удаа Төв Африкийн орнуудыг колоничолж байх үед үйлдсэн гэмт буруутай үйлдлээ албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа юм.
НҮБ-ын Ажлын хэсэг өмнө нь Бельги Улсад томилогдон ажиллахдаа тус улсын эрх баригчдыг колоничлолын үеийн гэм нүгэлдээ уучлал гуйх ёстой гэсэн дүгнэлт гаргаж байв. Тус улс 1800-1960-аад оныг хүртэл Төв Африкийн улсуудыг колоничолж байсан юм.
Энэ үед Леопольд II хааны зарлигаар колончлолд байсан улсуудын газар нутагт каучук болон бусад эрдэс баялгийн үйлдвэрллийг эрхэлж, нутгийн иргэдийг олноор боолчилж байжээ. Энэ хугацаанд иргэдийг олноор нь чанга хатуу дэглэм дор албадан хөдөлмөрлүүлж, хуваарьт ажлаа дуусгаж чадаагүй боолуудын гар хөлийг тайрч шийтгэдэг байв.
Ийм хүнд дарамт мөлжлөгийн үед 20 жилийн дотор 10 сая гаруй хүн амь насаа алдсан гэсэн баримт байдаг аж.
Эх сурвалж: AP