Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.
Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаахаар, Бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад зуны улиралд уртасгасан цагийн буюу одоогийн хэрэгжиж байгаа 04:00 цагийн хуваариар ажиллах боломж олгож, өвлийн цагийн хуваарийг богиносгосон байдлаар зохицуулах саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан НЗД-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон. Ийм тусгай зөвшөөрөлтэй 6,472 аж ахуйн нэгж нийслэлд байдаг бол нийтийн орон сууцны нэг болон суурийн давхарт 557 ресторан, баар, кафе ажиллаж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.
Зөвлөлийн гишүүд тухайн асуудлыг хэлэлцэж орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаах нь зөв гэж үзлээ.
Харин тусдаа бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг дахин судалж, оруулж ирэхийг Ерөнхий менежерт даалгажээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс