Нийгэм эдийн засгийн ямар ч хямралын үед эрсдэлд ордоггүй ганц салбар бол гоо сайхны мэс засал. Цаг үе, хүүхнүүдийн хүслийг дагасан зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй дөрөө харшин тусгай зөвшөөрөлгүй, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чаддаггүй газрууд ч үүд хаалга нээгээд, үйл ажиллагаа явуулж байна.
Шивээс, маникюр, педикюр, нүүрний үрчлээ тэнийлгэх ботокс тарилга, эхэсийн тариа тарих газрууд, батга эмчилнэ, өөх соруулна гэсэн гадаа гудамж талбай, зарын сонин сайт, интернэт хаягуудад үзэгдээд иргэд аль хэдийнэ үүнд дасчихсан байгаа. Реклам ихдэхийн хамт хүмүүсийн итгэл үнэмшил ч нэмэгдэж, ийш хуйлрагчдын тоог өсгөж байгаа юм.
Гэвч гоо сайхны хагалгаанд орж, өөх соруулсан эмэгтэй хагалгааны явцад амиа алдсан хэрэг гарсан нь энэ төрлийн хагалгааг хийгэхийг хүсдэг эмэгтэйчүүдэд болон гоо сайхны эмнэлгүүдэд томоохон анхааруулгыг өгч байх шиг. Үүнээс амины үнэтэй гоо сайхны мэс ажилбарт дурласаар л байх уу, эмэгтэйчүүдээ! гэсэн асуудал дэвшүүлсэн сэдэв урган гарч байна.
Хэрэг гарсан эмнэлэг Улаанбаатарын Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, арьс гоо заслын “Тод Каннам” нэртэй газар.
Талийгаач Эрдэнэт хотоос өөх соруулах хагалгаанд орох гэж Улаанбаатарт ирсэн юм байна. Эмнэлэг хагалгааг хэсэгчлэн мэдээгүйжүүлэлт хийж эхлүүлсэн болов ч өвдөлт мэдрэгдэж байна гэсний дараа эмч нарын зүгээс унтуулах арга хэмжээ авчээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд нас барсан 29 настай эмэгтэйн бие эрс муудахад эмнэлгийнхэн яаралтай түргэн тусламж дуудан, Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн ч эмчилгээ авч чадалгүй дөрөвдүгээр сарын 01-нд нас баржээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэнэ. “Тод Каннам” эмнэлэг нь Монгол Улсад 2013 оноос эхлэн эмчилгээний гоо сайхны нөхөн сэргээх үйлчилгээ явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ.
Өнгөрсөн сард хийгдсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт шалгалтаар:
“Тод Каннам” эмнэлэг
-Өөх соруулах мэс ажилбар хийх тусгай зөвшөөрөл аваагүй, эмнэлгийн зөвшөөрлийн бичиг тусламж үйлчилгээний чиглэлд заагдсанаас эрхийг хэтрүүлэн ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн,
-Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд үйл ажиллагаа явуулах хаягтай хэрнээ Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа,
-Гоо сайхны нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн арьс эмчилгээний гоо сайхны эмчгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байсан нь илэрч байжээ.
Б.Болормаа