Польш Улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д 85 настай Ц.Раднаа гуай өндөр амжилт гаргаж, дэлхийн шинэ рекордыг тогтоосон билээ. Түүнд зориулан өнөөдөр (2019.04.04) Кёкүшюзан Д.Батбаяр Сакура сургууль дээрээ тусгайлан хүлээн авалт зохион байгуулжээ. Ц.Раднаа гуай сурагчидтай уулзалт хийж, ойрын зайн гүйлтэд гүйж, тэдэнд сурлагын өндөр амжилтыг хүсэн, дэлхийд эх орныхоо нэрийг мандуулсан алдартнууд болохыг ерөөжээ.
Үүний дараа тус сургуулийн ойролцоо баригдаж байгаа “Ханбогд ресиденс” хороололд очиж, Кёкүшюзан Д.Батбаяр дэлхийн аварга Ц.Раднаа хоёр өрөө байрны батламж гардуулан өгсөн байна. Тэрбээр энэ үеэр “Үнэхээр их баяртай байна. Барилгачдын сэтгэл шингэсэн энэ сайхан бэлгийг аваад талархаж байна. Өнөөдрийн миний энэ хичээл зүтгэл бол архи, тамхи хэрэглэхгүй байж, спорттой байнга холбоотой явсны ач юм. Би Зайсангийн шатаар байнга өгсөж, Туул голын эргээр байнга алхаж явна. Энэ нь миний урт наслахын нууц байх. Залуучууддаа хандаж хэлэхэд эрүүл чийрэг байгаарай. Заавал хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Гэртээ байх үедээ ч ямар нэгэн зүйл хийгээрэй. Эрүүл урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэжээ.