Амжилттай яваа хүмүүс өөрийгөө маш сайн мэддэг
Тэд өөрийнхөө юунд дуртай, юу хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, түүнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зүйлүүд үнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хүү одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хүний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд болсон байна. Мөнгөтэй хүмүүс түүгээр морио сургуулуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг аж.
Өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг
Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын үсгээ зурж чадахгүй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгүй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Түүнд уг нь гэрээний үг үсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагүй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангүй. Амжилттай яваа хүмүүс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдүүлж чаддагийнхаа ачаар амжилтад хүрдэг.
Бусдад туслахдаа үргэлж дуртай байдаг
Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие эрс муудаж, аажмаар үхэж эхэлжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядууст тусалдаг байсан юм. Түүнээс бурхан “Чи үхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Үгүй ээ. Би айхгүй байна. Гэхдээ надад одоо үхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зүйл хийж чадсангүй шүү дээ” гэж хариулжээ. Бурхан түүнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр үедээ ирээрэй. Би чамд тусална” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хүсдэг хүн бүр энэ домгийг үргэлж санаж байгаарай. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь л аз ивээх болно.
Тэд өчүүхэн зүйлийг ч мартдаггүй
Тэд өөр рүү нь залгасан хүмүү срүү эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггүй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусалдаг үйлчлэгч, манаач, түнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусалдаг өчүүхэн зүйлсээс бүрддэг гэдгийг мэддэг.
Өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг
Би нэг зохиолчийг мэднэ. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгүүлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгүүл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтэлдэггүй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж үзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгүй гэж шийдэж байсан. Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, Энэ хэцүү давааг харин ч нэг даваад гарна шүү” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгүүлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг болсон. Харин та заавал үүн шиг 20 жил азгүйтэх шаардлагагүй шүү дээ.
Амжилттай яваа хүмүүс өөртөө хайртай байдаг
Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, Өөрөө өөрийнхөө үнэ цэнийг дээшлүүлэхээс эхэлнэ.
Амжилттай яваа хүмүүс амжилтад хамаг чадлаараа тэмүүлдэг
Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмүүлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сүлжээгээр контрстрайк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмүүлдэг. Тэд бүхий л зүйлд ялагч болохын төлөө тэмүүлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.
Амжилттай яваа хүмүүсийн мөрөөдөл нь том байдаг
Хүн бүр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелүүлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтад хүрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч байсан түүнд хүрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Үнэхээр ямар нэгэн өндөрлөгт хүрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Үүндээ хүрэхийн тулд өдөр бүр бага багаар урагшил. Амжилт гэдэг үгийн өмнө ажиллах гэдэг үг байдаг шүү дээ.
Амжилттай яваа хүмүүс амьдралын философитой байдаг
Элвис Преслигээс амьдралын философийнх нь тухай асуухад “Миний амьдралын философи маш энгийн. Хэн нэгнийг хайрлах хэрэгтэй. Ямар нэг зүйлийг хүлээх хэрэгтэй. Түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй” гэж хариулжээ. Амжилттай яваа хүмүүс өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ мэддэг. Тэд амьдралын философитой байж, бусдад үлгэр дууриал болохуйцаар амьдардаг.
Амжилттай яваа хүмүүс өөрийн гэсэн шүтээнтэй байдаг
Энд “шүтээн” гэдгийг ямар нэг бурхныг тахиж, шүтэх гэдгээр бүү ойлгоорой. Харин ямар нэгэн ухаантай, амжилттай хүнийг өөрийн үлгэр дууриаллаа болгож, түүн шиг болохыг тэмүүлж амьдрах хэрэгтэй гэдгээр ойлгоорой. Миний нэг багш өөрийнхөө шүтээний тухай ярьсныг санаж байна. Түүний анхны шүтээн нь долоо хоногт хэдхэн төгрөгийн төлөө үүр цайхаас эхлүүлэн үдэш болтол ажилладаг үйлчлэгч ээж нь байж. Харин нөгөө шүтээн нь дөрөвдүгээр ангийн боловсролтой ч, том гэр бүлээ тэжээхийн тулд гараа цэврүүттэл мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хүмүүс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангүй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хүн үнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой, хамт ажилладаг хүмүүсээ хүндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зүйг хүүхдүүддээ сургачихсан байсан юм.
Бэрхшээлийг давж чаддаг
Амжилттай хүмүүс амьдралын бэрхшээлүүдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, түүнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хүрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггүй. Тэд илүү өндөрт хүрэхийн тулд зогсолтгүй, улам эрч хүчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгүй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зүтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггүй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.
1 comment
Энэ залууст маш хэрэгтэй юм шүү. Минийхээр ч бас амжилт хөдөлж байгаа хүнд л ирдэг юм шүү, залуусаа.