Налайх дүүрэг дэх нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуйн нэгжийн 22 тусгай зөвшөөрөлд Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор 4 хяналтын чиглэлийн 11 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.
Шалгалтаар 9 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-ийн талбай 41,3 га эвдэгдсэн ба Сүмбэрхудаг ХХК, Таван шүтээн ХХК, Хэлтрэгэ ХХК-иудын талбайд 9 нөхөрлөлийн 83 ам цоногт 590 иргэн нүүрс олборлож байна.
Дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн:
-12 ААН нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш газрын хэвлийг 3-аас дээш жил ашиглаагүй нь, 9 ААН нь байгаль орчныг хамгаалах эрх үүргээ биелүүлээгүй байгаа нь Байгаль хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийг,
-20 тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН нь уурхай дээрх эрхзүйн бичиг баримтгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгүй байгаа нь Ашигт малтмалын тухай 35 дугаар зүйлийн 35.3, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсгийг, газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дах хэсгүүдийг,
-Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу байгуулсан гурвалсан гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах эзнийг зааж өгөөгүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчжээ.
Налайхын зам талбай дахь хөрсний цөмрөл нэмэгдсээр байна
“Уурхайн албан контор байсан барилга, байшин нь балгас болж, нүүрс ухсан цооногийн цөмрөлт энд тэндгүй үүсч, мал амьтан бүү хэл, хүн унаж мэдэх ундуй сундуй талбайг нөхөн сэргээх талаар ярихын өмнө ажлын байрны “өлсгөлөнд” нэрвэгдсэн Налайхчуудыг, хүмүүсээ, иргэнээ яах вэ гэдэгт засаг төр анхаарлаа хандуулах ёстой болов уу” гэж аль 2013 онд хэвлэлийн хуудаснаа Налайхын дүр зураг тодоос тод тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн оны гуравдугаар сард МХЕГ Налайхын уурхайд нүүрсний олборлолт явуулдаг 186 амыг хаах шийдвэр гаргасан талаар олон баримтыг энэ нийтлэлд дурджээ.
/Нийтлэлийг ЭНД ДАРЖ уншиж болно/
Зөрчлүүд арилахгүй байгаа нь дараах нөхцөл байдлыг үүсгэсээр байна. Үүнд:
• Бичил уурхай нэрээр нүүрс олборлож ашиглаж байгаль орчныг доройтуулж, газрыг эвдрэлд оруулж 83 ам цооног гаргаснаас хог хаягдал цугларч, хөрсний бохирдол үүсч, шаталтаас үүссэн угаарын хий ам цооногоор гадагш алдагдаж агаарыг бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, иргэдийн хашаанд, нийтийн эзэмшлийн зам талбайд хөрсний цөмрөл үүссэн.
• Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу байгуулсан гурвалсан гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах эзнийг заагаагүй, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавихгүй, гэрээг хууль журмын дагуу байгуулаагүйн улмаас осолд орсон иргэдэд олгох тэтгэмж, нөхөн олговор олгох боломжгүй болж буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага тооцогдохгүй хүний амь нас эрсэдсээр байна.
Жишээ нь, Налайхын уурхайн хэмжээнд 1992-2012 онд болсон ослын улмаас 205 хүн нас барж, аврагчид 414 хүнийг аюулын голомтоос аварсан бол зөвхөн 2012 онд гэхэд 16 хүн нас барж, 32 хүнийг аварсан байдаг. Налайх дүүрэг дэх нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж, 126 хүний амь нас эрсэджээ.
Сүмбэрхудаг ХХК-ийн талбайд хоёрхон жилд найман хүн амиа алджээ
Өнөөдрийн зөвлөлийн хурлаар гол хөндөгдсөн асуудал бол Налайх дахь Сүмбэрхудаг ХХК-ийн үйл ажиллагааны тухай байлаа. Налайх дүүргийн иргэдийг өөрсдийн эзэмшлийн талбайд нүүрс олборлуулах гурвалсан гэрээг байгуулахдаа тухайн аж ахуйн нэгж нь өөрийн эрх, үүргээс зарим хамааралтай хэсгүүдийг нь буюу ялангуяа аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлтэд хяналт тавих гэсэн хэсгийг хасч хийсэн ноцтой зөрчил илэрсэн байна.
Сүмбэрхудаг ХХК нь Налайх дүүрэгт ажиллаж байгаа 83 цооногийн 70-ыг нь дангаараа эзэмшдэг бөгөөд Налайхад гарч байгаа нийт ослын 70-80 хувь нь Сүмбэрхудгийн талбай дээр гарч байгаа гэсэн мэдээллийг зөвлөлийн хурлын үеэр өглөө. Гэвч тус компани хариуцлага хүлээдэггүй шалтгаан нь гурвалсан гэрээнийхээ доторх аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой заалтыг авч хаясантай холбоотой аж. Хүний амьнаас үнэтэй нөхөрлөлийн гэрээ, эдийн засгийн жижиг өгөөж гэж байхгүй гэдгийг тэд онцолж байв. Учир нь Сүмбэрхудаг ХХК-ийн талбайд 2017 онд таван хүн, 2018 онд гурван хүн нас баржээ.
Ийнхүү Сүмбэрхудаг гэж ТЭЗҮ ч байхгүй, нөхөрлөлийн журмаар явж байгаа, гэрээн дээрээ мөнгөнөөс өөр зүйл заалт тусгаагүй компани гэдэг шүүмжлэлийг мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж байна.
Мэргэжлийн хяналтынхан осол гарсан үед үйл ажиллагааг нь зогсоохоор дахин өөр газар хууль бусаар ам нээгээд явдаг тухай дурдаж байна. Ийм ноцтой зөрчил бүхий тус компанийн лицензийг цуцлуулж, үйл ажиллагааг нь зогсооно гэдгээ НМХГ-аас мэдэгдлээ.
Иргэдэд эрүүгийн хариуцлага тооцуулахаар шилжүүлэв
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах арга хэмжээг авчээ.
– Улсын байцаагчийн албан шаардлага давхардсан тоогоор 50,
– Үйл ажиллагааг зогсоох улсын байцаагчийн акт 28,
– Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, цуцлуулах улсын /ахлах/ байцаагчийн дүгнэлт 44-г үйлдэж, 53 сая 850.0 мян.төг-ийн торгуулийн арга хэмжээ авч,
– Хууль бусаар олборлолт хийж байсан иргэдийн 32 ам цооногийн үйл ажиллагааг зогсоож, эрүүгийн хариуцлага тооцуулахаар Цагдаагийн Ерөнхий газарт шилжүүлээд байгаа юм байна.
1 comment
avilgaas bolood l iim yum bolj baigaa yum sh dee, avilgach nartaa hariutslaga toocoochee.