Цахим сүлжээ, иргэнээс эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. Тухайлбал Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт иргэний ирүүлсэн гомдлын дагуу иргэн Е.Б-ийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах орон байранд харъяа дүүргийн цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Black Gold 0.5г эрчүүдийн бэлдмэл гэх бүтээгдэхүүнийг утсаар захиалга авч, хүргэлтээр худалдан борлуулдаг, мөн хуулиар хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулж байсан зөрчлүүдийг илрүүлжээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ авчээ.
Цаашид иргэд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, гарал үүсэл тодорхойгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг олон нийтийн цахим сүлжээнээс болон иргэний гар дээрээс худалдан авахгүй байхыг анхааруулж байна.