“Энэтхэгийн үндэсний конгресс” гэдэг сөрөг хүчний гол намтай холбоотой 687 хуудас болон бичлэгийг “Фэйсбүүк” компани устгажээ. Тус компанийн Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга Натаниэль Глейхер энэ тухай мэдээллээ.
“Баттай бус эх сурвалжтай, хууль бус бичлэг тавьсан нь устгах гол шалтгаан болсон. Мөн тэдгээр хуудас голдуу “Энэтхэгийн үндэсний конгресс” намтай холбоотой байлаа” гэж тэрбээр хэлжээ. Хэрэглэгчийнхээ мэдээллийг алддаг хэмээн шүүмжлүүлдэг “Фэйсбүүк” компани Энэтхэгийн сонгуулийн өмнө хуурамч мэдээлэл түгээх хэрэгсэл болохгүй байхаар зөвшилцсөн байна. Тус улсын 900 сая орчим хүн парламентын доод танхимын сонгуульд оролцох юм.
Санал хураалт 29 муж, долоон нутаг дэвсгэрт нь энэ сарын 11-19-нд долоон үе шаттай болно. Сонгуулийнх нь дүн ирэх сарын 23-нд гарна. Эрх баригч “Бхаратия жаната парти” нам ялах магадлал өндөр хэмээн шинжээчид үзэж байна. Тус намын гол өрсөлдөгч нь “Энэтхэгийн үндэсний конгресс” юм. Тус намын удирдагч нь Энэтхэгийн улс төрийн алдартай овгоос гаралтай Рахул Ганди гэнэ.