УБТЗ-ын бас нэгэн ажилтан ачааны галт тэргэнд мөргүүлж амь насаа алдсан осол гарсан талаар эх сурвалжаас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр (2019.04.02) 11 цагийн үед Хонхор орчимд зам шалгаж явж байсан УБТЗ-ын замын II ангийн 9-р хэсгийн замчинд ийм харамсалтай явдал болжээ.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны наймдугаар сард мөн Д.Жигжиднямаа даргынхаа тушаалаар замын даргын нэрэмжит үзлэг хийж явсан Замын-Үүд өртөөний төмөр замын монтёр Олон улсын зорчигчийн 112-р галт тэргэнд дайруулж нас барсан. Гэвч түүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргасан гэх мэдээлэл байна. Түүнээс бүр өмнө нь ч УБТЗ-ын зөрлөгийн дарга галт тэргэнд дайруулж амиа алдаж байжээ. Ер нь жил бүр энэ төрлийн осол бүртгэгдэж байгаа.
Энэ мэтчилэн төмөр замын ажилтнууд өөрсдөө төмөр зам дээрээ галт тэргэнд дайруулж амиа алдах золгүй явдлууд ар араасаа хөвөрсөөр байна. Сүүлийн үед золгүй байдлаар амиа алдсан хэргүүд ихэвчлэн амиа хорлосон гэх дүгнэлтээр эцэслэгдэх дүр зураг элбэг болсон. Энэ хэрэг ч ийм байдлаар төгсөхгүй гэх баталгаа байхгүй билээ. Энгийн иргэд хүртэл өртдөг төмөр зам, галт тэрэгтэй холбоотой хэргүүд ар араасаа гарах болсон нь ард иргэдийн болгоомжгүй байдал уу, гэмт хэргийн шинжтэй асуудал уу, төмөр замын ажилчдын аюулгүй байдлын талаарх мэдлэгийн хэмжээ нимгэнийх үү гэдэг нь асуудал хэвээр байна.
Төмөр замын цагдаагийн алба дээрх осолд мөрдөн байцаалтын хэрэг нээн шалгаж байна.