“Хонгилын өмгөөлөгч” ил гарч ирлээ гэсэн бичлэг цахим сүлжээнд эрчтэй тарж байна. Энэ бол ер хаана л асуудал гарна, тэнд явж байдаг “шоучин” тодотголтой өмгөөлөгч Г.Батбаярын тухай бичлэг. Тэрээр 13 настай охины амийг хөнөөсөн хэргийн хохирогч талд, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдсон Г.Сарангэрэлийг, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтанд зодуулсан хэрэгт дуучин Амрааг гээд дурдвал олны анхаарал татсан олон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажилласан. Тэр хэрээр олны танил болсон түүний алдаа, амжилт нь ч янз бүр.

Түүнийг одоо бүр “тэрбумтан” өмгөөлөгч гэж нэрийдэх болсон байна билээ. Ажилласан хэргүүддээ цөөнгүй ялагдал хүлээж байсан гэх шүүмжлэлтэй түүний тухай энэ удаагийн дуулианд Г.Батбаяр хохирогч болжээ. Энэ талаар Г.Батбаяр өмгөөлөгчтэй холбогдож тодрууллаа.

-Таны болчимгүй авирласан бичлэг цацагдаж байна. Яг юу болсон юм бэ?

-Тэр бичлэг бол хэт нэг талыг барьсан, зарим болсон үйл явдлыг орхигдуулсан тийм л зүйл. Энэ явдал 2018 оны арванхоёрдугаар сард болсон. Тэр явдлаар миний хоёр гар хугарсан. Зүүн гарын алганы сарвуу, баруун гарын ядам хуруу, мөр хугарсан. Тэрэндээ уурлаад л би хэлж байгаа нь тэр. Би бол хууль ёсны шаардлага тавьсан. Харин тэр залуу үсэрч гарч ирж намайг мөргөөд гэмтээчихсэн. Тэд тавуулаа, би ганцаараа байсан. Би өөрийгөө өөр яаж хамгаалах юм бэ.

-Бичлэг дээр бол та л нөгөө хүн рүү дайрч, элдэв муухай үг хэлээд, харин тэр хүн тантай их хүлцэнгүй харьцаж байна лээ. Та тийм их уур омогтой хүн үү?

-Хүлцэнгүй юм шиг харагдуулж байгаа юм. Тэрнээс миний гарыг хугалж байгаа юм чинь би уурлалгүй яахав. Чамайг ална шүү муу хөгшин төгцөг минь гээд л намайг улам уурлуулаад байгаа байхгүй юу. Тэр ээж, эхнэртэйгээ нийлж над руу дайрсан. Эхнэр нь бичлэг хийсэн. Энэ асуудлаар угаасаа эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаад явж байгаа. Би хохирогчоор явж байгаа.

-Та ээжийг нь зодсон юм биш үү?

-Би ээжид нь гар хүрсэн юм огт байхгүй. Ээжид нь гар хүрсэн бол ээж нь гомдол гаргана шдээ. Бичлэг хийж байгаа болохоор зориуд тэгж байгаа юм. Ээж нь гэж бүдүүн шар авгай над руу дайраад, түлхэж унагаачих гээд байсан.

-Эхнэрийнх нь гар хугарсан гэсэн, үнэн үү?

-Гар нь яагаа ч үгүй. Ер нь энэ асуудлыг бол сонин хэвлэлээр шийдэхгүй. Иргэд шийдэхгүй. Яахав маргааш мэтгэлцээн болсон. Гэхдээ гэм бурууг нь цаг хугацаа л харуулна.

-Та их мундаг мундаг юм ярьж байна лээ. Чамаас цаадахыг нь чадаж байсан шүү гэхчлэн сүрдүүлсэн үгс их явж байсан. Та үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Намайг өлөн шээс минь, чамтай алалцана гээд уурлуулчихаж байгаа юм. Ахмад хүнийг гэмтээчихээд уучлал ч гуйчихгүй, хийсэн хэрэгтээ ч гэмшихгүй болохоор нь би чамаас өчнөөн цаадахыг нь мэднэ гэдэг байдлаар л хэлчихэж байгаа юм. Бичлэг хийж байгааг нь би мэдээгүй болохоор ярьчихсан. Нөгөө хэд болохоор бичлэг хийж байгаа юм чинь их хяналттай ярьж байгаа байхгүй юу. Намайг уурлуулж байгаад бичлэг хийсэн. Үгэн дээр бол ял шийтгэл байхгүй. Гахай, нохой гэж хэлэх нь хүний амьдралд байдаг л маргаан. Харин үйлдлээрээ л хариуцлага хүлээх ёстой. Хүмүүс харахдаа бол намайг бусдыг дээрэлхээд байна гээд байгаа юм л даа. Би өөрөө хохирогч өвчиндөө шаналаад л уурласан байдал. Тэрийг миний өрсөлдөгч талынхан аваад л ашиглачихгүй юу. Энэ хүмүүс нь хөдөөний хүмүүс болохоор ямар юмаа ч мэдэхгүй, шоронд орчихгүйн тулд өөрсдийгөө хамгаалсан юм хийж байгаа юм.

-Та шүүхийн шинжилгээний хүрээлэнд нөлөөтэй юу?

-Ямар юмны нөлөө надад байдаг юм бэ дээ. Гомдолтой байгаа бол шүүх эмнэлгээр яв гэж хэлсэн нь би шүүх эмнэлэгт танилтай гэж байгаа юм биш. Ер нь бичлэгт өөрсдийнхөө хараасан үгсээ хасаад гаргасан байна лээ. Би бол хийсэн үйлдлээ гэм буруутай гэж бодохгүй байгаа. Би харамсахгүй байгаа. Тэр хүнд ч би хэлсэн, чамд ялагдаж байвал би өөртөө гомдъё гэж.

-Таныг хонгилын өмгөөлөгч ил гарлаа гэж яриад байна. Та үнэхээр хонгилын өмгөөлөгч мөн үү?

-37 онд эсэргүүний хүүхдүүд гээд бие биеэр нь үзэн ядуулаад л явдаг байсан шиг одоо хонгилын өмгөөлөгч, МАНАН мафийн өмгөөлөгч гээд л зүгээр нэг эзэн биегүй хоосон юм руу дургүй хүнээ чихдэг боллоо. Би нэг Ерөнхийлөгчийг огцруулъя, нийслэлийн Засаг даргын эсрэг жоохон маргаан үүсгэсэнтэй холбоотойгоор албан тушаалтнууд нийгэмд намайг муухай харагдуулах гэж л үзэж байгаа юм. Энэ бол амьдралд байдаг л зүйл.

By updown

3 thoughts on “Г.Батбаяр: Хонгилын, мафийн өмгөөлөгч гээд хоосон юм руу дургүй хүнээ түлхдэг болж”
  1. Хогийн гар бас нөгөө 60 н хэрэг шиг хуурамч гэх гээд ядаж бх шив,тэрбумтай болчихсон чинь дэлхий багадсан юм шиг зан гаргаж байна лээ ш дээ.Ямар ч. ёс суртахуунгүй тийм мундаг бол. нөгөө аймаар өмгөөлөгч өдөж бн гээдгийг ойлгох сэхээгүй тэнэгдүү худлаа нэг юмны үзүүр барьж аваад зүтгээд байдаг гар биш үүү!!!?Болж үз ард түмэн чамайг таниж авлаа дааа,,,Худлаа гар л юм бн,эр хүний үнэр ч бхгүй гар бн доо,,одоо ичсэн хүн яана гэхэв заргалдаад бай бай,,,,

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн