Сүрьеэгээ эмчилсэн залуугийн захидал

За уушиг гайгүй юу? Ингэж нөхөр маань асуув. Уур хүрэх шахлаа. Насаараа сүрьеэтэй хатах юм гэж санаа юу хэмээн үг өдмөөр бодогдож байна. Сүрьеэ эдгэрдэг өвчин. Би сүрьеэгүй болсон шүү дээ. Ингэж нөхөртөө хэлэв.

Өвдсөн минь

Дээд сургууль төгсөх хавар. Сургууль руу орж явтал толгой эргэх нь тэр. Хавар ирсэн болоод тэр үү, бие нозоороод л. Ерөөсөө сульдаж ядраад байдаг болов. Улсын шалгалт, дипломын ажил гээд ачаалал ихэджээ. Шөнө дутуу унтаад байгаа биз. Хоол сайн ид. Хүмүүс ингэж онош тавьж байна. Үеийн нэг нөхөртэйгөө галладаг байранд байх. Номын санд сууж сууж ирэхэд хүйтэн гэж чичрүүлэх шахна. Нэгэнт шөнө дөл болсон болохоор юун гал түлэх, хоол хийх.

Хүйтэн хөнжилд орж эвхрэн хэвтэнэ. Даарсандаа болоо биз, ханиалгана. Өдөр хоног иймэрхүү үргэлжилсээр сургуулиа төгсч хангайн хүү говийн “хүргэн” болохоор галт тэргэнд суув. Зүүнбаянгийн сургуульд багшлах тэр намар ямар их ханиалгасан гээч. Шар шар цэр гарах. Орой болохоор бие арзайна. Даараад ч байх шиг.

Тэгсэн хэрнээ шөнө дэвсгэр, хөнжлөө чийг даатал хөлөрчихнө. Хучлага зузаадаж хэмээн нимгэлнэ. Угийн хорчгор амьтан их ханиалгасандаа тамир алддаг юм уу, биеийн жин ч буурах маягтай. Ээ, их ханиалгах хэцүү. Хөлс дааварлаад, цээжээр өвдөх шиг болно. Аптекаас авсан эмийг хармайнаас салгахгүй. Уугаад ч нөлөө бага. Эмчид үзүүлсэн чинь хэвт гэж байна. Авах цалин яахав.

Ганц бие хүнд мөнгөний хэрэгцээ асуудал биш. Дөрөв төгсөөд сумдаас ирж арайхийн хамт олон бүрдэж эхэлсэн ангийнхнаасаа холдох аргагүй. Бусад ангид орох цагийн хичээл ч тасарна. Энэ мэтээр шалтаглан явж байтал ханиах халуурах явдал газар авч цустай цэр ч гарах янзтай. Ажил яахав, биеэ бод гэж Болд эмч загнах байдалтай шүү. Арга буюу хэвтлээ. Дуу алдан ёолоод байх өвчингүй болохоор удахгүй биз гэж бодон хоног тоолсоор. Арав хоног. Хагас сар . . . ! ! !Багш нар эргээд л, ангийн охид, банди нар бууз, шөл зөөгөөд л. Би эмийг янз янзаар ууна. Хонгондоо тариа шахуулсаар хөндүүр болчихлоо. Нэг мэдсэн 2 сар болжээ. За эмч минь, гаръя.

Эмчлүүлсэн минь

Хичээл тарж Булганаа зорив. Нутгийн агаарт ирээд сайхан унтаж амарна гэсэн чинь нэг л биш. Ханиах, халуурах, цээжээр хөндүүрлэх, цэр бөөн бөөнөөр гарах, хэвтэрт хөлрөх маань засардаггүй шүү. Хол байж байгаад ирсэн хэмээн сайхан хоолоор дайлуулах нь аятайхан санагдавч тийм ч дуртай биш. Эмчид үзүүл гээд эгч үглэх болов. Наадам өнгөрөөд эмнэлэгт очлоо. “Манту” тавиул.

Цэрээ шинжлүүл. Цээжний зураг авахуул. Бүгдийг гүйцэтгэв. Цэрмаа эмч дуудаад, уушиг чинь хоёулаа харлачихжээ. Яаралтай хэвт гэв. Паскнаас эхлээд эмийг ч ууж гарлаа. Давхарлаад шүү. Тариа ч завсарлагагүй. Аав минь уушигны өвчнөөр өөд болсон гэдэг. Би бас энэ. Удамшдаг монди байх нь л дээ? Тэр үед паск нунтаг байсан санагдана. Уушиг муу гээд бүгшүүлж ханиалгасан хүмүүс их бий дээ. Зарим нь бараг насаараа тэгж яваа болов уу гэж санадаг.

Сүрьеэ бол халдарт өвчин. Бүр нийгмийн халдварт шүү. Ингэж хэвлэл номонд бичсэнийг уншлаа. Очиж очиж ийм өвчин тусах гэж. Уулзсан зарим нөхөд дөлөөд хол хөндийхөн ч зогсох маягтай. Арга ч үгүй. Би халдвар тээж яваа л даа. Олон эм уухаас зүрхшээдэг юм уу, зарим хүн дэрэн дороо хадгалж байгаад хогийн саванд хийж харагдана. Би ч хааяа дуурайна. Нэг удаа жижүүрийн сувилагч С.Бямбажав гуайд баригдлаа. Эмч ч дуулчихжээ. Юра эмч өглөөний үзлэг хийж нэлээд чагнаж үзсэнээ, одоохондоо янзандаа байна. Жаахан байж байгаад эмчилгээ авна даа. Дэрэн доор чинь эм байна гэл үү? Мартчихсан юм уу? Эм тариагаа тасалж болохгүй шүү. Эмээ уугаад л байхаар эдгэрнэ. Зүв зүгээр болно гэв. Дөлгөөхөн, намуухан, бас зөвлөсөн тэр үг надад урам өглөө. Эмээ бүрэн хэрэглээд байвал нээрэн хоёр уушиг минь эдгэчихнэ гэсэн итгэл төрөв. Багшийн даалгавар биелүүлж байгаа сурагч адил “истор”-т эмчийн бичсэн эмийг илүү юу гэхээс дутаалгүй уудаг боллоо. “Эм тариагаа тасалж болохгүй шүү. Тэгээд л байхаар эдгэрнэ. Зүв зүгээр болно”.Эмчийн энэ үг чихэнд хоногшиж сэтгэлд шингэжээ.

Эдгэрсэн минь

Ханиах маань зогслоо. Халуурахаа аль эрт больсон. Шөнө хөлрөхгүй. Ядарч сульдах ч гайгүй шүү. Надад бол эдгэрчихсэн л юм шиг санагдана. Үе үе Жамбал гуай дуудаж, эмч чиний цээжний зургийг ав гэсэн гэнэ. Хааяа Цэрмаа, Юра эмчийн хэн нэг нь рентгенээр харна. Айраг идээтэй найман сарыг эмнэлэгт л өнгөрөөв. За гар даа гэх болов уу хэмээн горьдоно. Ер үгүй шүү. Эм тариа үргэлжилнэ. Өдөр хоног ээлжилсээр. Ес, арван сар өнгөрлөө. Сүрьеэгийн диспансерийн бага эмч Д.Мишигдорж бид хоёр ний нуугүй ярина. -Өө хөөрхий, манай хяналтад байдаг Дамбий гуай өөд болсон гэнэ.

-Сүрьеэгээр үү? Эдгэсэнгүй еэ?

-Тэгэхээс яахав. Эмээ уудаггүй, хяналтын үе шатны эмчилгээг ирж авдаггүй хүн байхгүй юу.

-Энэ хоёрдугаар палатны Давааням гуай бараг жил болгон ирж хэвтдэг гээд л ярьж байна лээ.

-Архагшуулчихсан юм. Олигтойхон эмчлүүлэхгүй бол их уддаг өвчин дөө. Нэг удаа ингэж хөөрөлдөв. Эмээ сайн уухгүй бол салдаггүй, нас ч бардаг өвчин юм байна даа гэх айдас төрж эмнэлгээс гарах гэж яарахыг больж билээ. Энгийн ийм яриа ч гэсэн ухуулга болдог юм байна лээ. Бүүр 12 дугаар сар дундаа орчихов. Тоолж үзсэн чинь бараг хагас жил болжээ. Халуун зунаар хэвтсэн би ес эхэлж хүйтэн тачигнах гэж байхад эмнэлгээс гарав. Боодол зүйлтэй харьсан. 2 сар уух эм маань тэр. Ажил хийж болохгүй гэнэ ээ. Группэд орлоо. Говийн “хүргэн” болно гэсэн маань ч талаар болж “гологдлоо”.

Ямар ч гэсэн нутагтаа шилжин ирэв. За эмээ л таслахгүй ууна гээд “Изониазид”-аа хармайнаас салгахгүй авч явна. Тэгэхгүй бол мартчихна шүү дээ. Группийн хугацаа дууслаа. Багшилж болохгүй гэв. Яагаад? Ард иргэдийн олон хүүхдэд сүрьеэ халдаана. Гэхдээ ажилтай болсон. Эхлээд эвлэлийн хороонд зааварлагч. Удсан ч үгүй амьдралын турш ажиллаж яваа хэвлэл мэдээллийн газар орж сэтгэлийн гуниг сарниж эхэлсэн. Эм тариа үргэлжилсээр л. Нийгмийн халдварт өвчтэй надад өвөр нээж ханьсах эмэгтэй таарахгүй биз хэмээх санаашрал бодолд уяатай.

Эмнэлгийн хүн өвчтнийг энэрэх сэтгэлтэй байдаг болохоор хагацал зовлонд хат суусан Жанчив маань тохойн чинээ үрээ тэвэрсээр насаараа ханьсахаар хүрээд ирдэг байна. Дөчин жил болжээ. Ашгүй, сүрьеэ халдсангүй. Хөөе, эмээ уухаа мартаагүй биз гэнэ. Хааяа эмийг маань тоолно. За, чи айргийн сувилалд эмчлүүлээд ир гээд эмчтэй ярьчихсан байна. Ингэж надад санаа тавьж байхад би эмчилгээгээ эрчимтэй хийлгэлгүй яахав. Уух эмээ улирал бүр очиж авна. Аймгийн сүрьеэ диспансерийн Жаргалантын аман дахь сувилалд бараг зун бүр явлаа. Уушигны өвчинд сайн гэсэн бүхнийг хэрэглэсэн дээ. Гурван жил гаруйн дараа хяналтнаас гарлаа.

Эдгэрчээ гэсэн хэрэг. Гэхдээ биеэ чагнасаар. Хүйтний эрч чангарч ханиад нэмэгдээд ирэх үеэр ханиалгах хандлага илэрвэп хурдхан л сүрьеэгийнхэн дээр очно. Дахичихаж магадгүй, ганц нэг сар эм уух уу хэмээн гуйна. 1970 онд оношлуулснаас хойш хэдэн жил өнгөрчив? Сүрьеэгийн орон дээр нэг ч удаа очиж хэвтсэнгүй. Эмчилгээгээ эрчимтэй, тасралтгүй хийлгэ гэсэн эмчийн үг үнэн юм байна.

Зөвлөх үг минь

Ингэж би сүрьеэгүй болсон хүн дээ. Одоо ч энэ өвчний шаналал зовиурыг мартаа шив. Хэн ч хэлсэн юм бүү мэд. “Жор мэдэхгүй маарамбаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг. Зовлон үзсэн тэр чавганц ингэж хэлнэ. Хоёр, гурван долоо хоног ханиалгавал нэг л биш шүү. Эмчид үзүүл. Оройтно шүү. Хоолны дуршил ямар байгаав? Орой тийшээ халуурвал сүрьеэ байж магадгүй дээ. Шөнө орон дотроо хөлрөх чинь хучлага ихэдсэнийх биш байх шүү.

Цустай юм уу, цэртэйгээр ханиалгавал шинжлүүлсэн нь дээр гээд л ярина. Бас яаж халдвар авдгийг хэлээд өгнө. Ээ, агаар дуслаар халдана шүү гэх байх. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, танай ах сүрьеэтэй бол ярих, найтаах, ханиахад нь нөгөө нян гэдэг “дайсан” агаарт цацагдана. Тэгээд л чи, танай гэрийнхэн, хамт байсан хүмүүс халдвар авна. Түүнээс гадна сүрьеэгээс урьдчилан сэргийлэх талаар зовлон үзсэн чавганцаас асуувал мэдээж хурц үедээ байгаа сүрьеэтэй хүнтэй болж өгвөл ойр дотно байхгүй бай.

Орон гэрийнхээ агаарыг цэвэр байлга гэнэ дээ. Биеийн дархлаагаа сайн байлгахын тулд тэжээллэг, чанартай хоол ид, гэр орон, ажлын нөхцөлөө сайн байлга, агаар салхинд яв, биеийн хөдөлгөөн чухал шүү гээд л зөвлөнө. Бас БЦЖ вакцин хийлгээрэй гэж захина. Энэ бол хүүхдийг дөнгөж мэндэлмэгц 24 цагийн дотор буюу хоногт нь багтаан хийлгэх тариа юм. Түүнийг хийлгэснээр хүүхдийн бие гаднаас орох вирусыг эсэргүүцэн “нам дарах” чадвартай болно.

Насан турш сүрьеэгээр өвчлөхгүй болчихно. Би нэмээд ганц нэг зүйл зөвлөхөд хүний ямар ч эд эрхтэн өвчилдөг гэх юм билээ. Үүнийг ойлгуулах гэсэн хэрэг юм уу даа, хүний биеийн үс, хумснаас бусад нь өвчилнө гэдэг. Тархины сүрьеэ гэхэд менингит болж хүндэрнэ. Зонхилох нь уушигны сүрьеэ. Мөн аль ч насны, ямар ч хүн өвчилнө. Амьдрал дорой айлынхан өвчилдөг гэх яриа байдаг л даа. Энэ бол “сүрьеэ ядуу хүний өвчин” гэсэн үг биш. Мөнгө төгрөгний хүрэлцээ муугаас амт чанаргүй, тэжээллэг муутай хоол хүнс хэрэглэж орон гэр хүйтэн, хувцас хунар муу байснаас тиймэрхүү айлынхны хүмүүсийн биеийн эсэргүүцэл нь доройтож амархан халдвар авна гэсэн хэрэг.

Уламжлах хүсэлт минь

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа”. Энэ зорилтод хүрэхэд иргэд сайтар урьдчилан сэргийлэх, тууштай, төгс эмчлүүлэх, эмч мэргэжилтнүүд газар авахуулалгүй зөв оношлон эмчилгээний горимыг чанд баримтлахаас гадна төр засгийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Энэ талаар гаргасан дэд хөтөлбөр, чиглэл бий ч гэсэн түүнийг бүрэн төгс үр өгөөжтэй хэрэгжүүлэх ажлыг чанаржуулмаар байна гэдгийг тэдгээр бодлого чиглэлийг хэрэгжүүлэлтийг зохион байгуулдаг, үр дүнг тооцдог хүмүүст сануулмаар бодогддог.

Сүрьеэгээс сэргийлэх, эмчлэх асуудал хариуцсан хүмүүсийн сэтгэл дундуур явдаг ганц нэг үгийг сонссоноо эрэгцүүлж бодох үе гардаг. Тухайлбал, сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийг зөвхөн өөрсдийг нь төдийгүй гэр бүлийнхнийг хяналтад авдаг журам тогтоогоосой гэдэг юм билээ. Эмнэлгийнхэн өөрсдөө энэ ажлыг зохион байгуулах гэхээр бензен шатахуун, томилолтын зардалд “чөдөрлөгдчихдөг”. Тэгэж хяналтад аваагүй, урьдчилан сэргийлэх дадал хэвшүүлээгүйгээс эхнэр нөхөр, ээж аав, ах дүү, үр хүүхдийнх нь тээж явсан нөгөө халдвар гурав, дөрвөн жилийн дараа идэвхжин өвчилдөг байна.

Мөн сүрьеэг хариуцсан орон тооны ажилтан бий болгож түүнтэй хатуухан хариуцлага тооцдог байвал нэг байтугай алхам урагш ахина гэлцдэг. Түүнээс гадна амьдралын боломж муутай айл өрхөд илчлэг сайтай хоол хүнсний дэмжлэг үзүүлэх талаар төсөвт тусгах юм уу, төслийн шугамаар дорвитой арга хэмжээ авбал чухал байна. Төр засаг энэ мэт хэдхэн асуудлыг тууштай шийдвэрлээсэй. Сүрьеэ нийгмийн халдварт өвчин. Гэхдээ эдгэрнэ. Иргэн хүн ч, эрүүл мэндийнхэн ч хичээж, дээр нь улс аймгийн төр засаг дэмжлэг өгөх хэрэгтэй. Хамтдаа хичээе, тэмцье.

2 thoughts on “Сүрьеэгээ эмчилсэн залуугийн захидал

  1. Нэргүй 2019-04-01 18:36 at 18:36

    Нийгмийн халдварт гэдгийг хүмүүс буруу ойлгодог.

    Хариулах
  2. чойжил 2019-04-02 09:32 at 09:32

    Миний таньдаг бүсгүй эмээ уухгүй өвчнөө нууж явсаар хорвоог орхилоо.хүмүүсээ эмээ уувал эдгэдэг өвчин шүү

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн