Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1-н буюу инээдмийн баярын өдөр. Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Энэ баярыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг ч хэрхэн үүссэн тухай бодитой түүх байдаггүй аж. Гэхдээ энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхдөө хуурч, эвгүй байдалд оруулж дууссаны дараа ‘Дөрвөн сарын 1-н шүү’ гэж цаад хүнээ тайвшруулдаг заншил хэдийнэ уламжлал болсон байна.
Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярих ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын “Тэнэгүүдийн баяр” -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. 1539 онд фламандын ордны нэгэн түшмэл өөрийнхээ зарцыг даажигнасан үүрэг өгсөн тухай дурьдсан байдаг. 1686 онд Жон Обри «Fools Holiday» буюу “Тэнэгүүдийн баяр”-ын талаар дурьдан бичсэн нь уг баярын талаарх хамгийн анхны баримт болдог. Уг баяр Францаар: poisson d’ avril, Англиар: april-fool, Германаар: Aprilnarr, Шотландаар: gowk хэмээн янз бүрээр нэрлэгдэн тэмдэглэх болсон ч үндсэн агуулга нь ижил байжээ. Уг баярыг нэг хэсэг судлаачид “Пасхи” буюу улаан өндөгний баяраар хүмүүс бие биенээ хөгжөөх зорилгоор, нөгөө хэсэг нь Эртний Кельтчүүдийн хаврын баяраас үүдэлтэйгээр үүссэн хэмээн үздэг байна.