Нэг миллиард 500 сая хүнээр өөрийгөө тахин шүтүүлж, ард түмнээ тахин шүтүүлэх гипнозод автуулсан их удирдагч Мао Зэдуны эхнэр Жян Чин нөхрөөсөө ч дутахгүй алдартай нэгэн байлаа. Түүний амьдралын түүх нь ХХ зууны Хятадын улс төр, нийгмийн ээдрээт амьдралын золиос болсныг харуулдаг.
Жян Чин ХХ зууны эхэн үеийн Шанхай хотын нэрд гарсан царайлагч жүжигчдийн нэг байжээ. Тоглосон кино бүхэн нь нийтийн хүртээл болж, шуугиан тарьж байсан алдарт жүжигчин Жян Чин Хонконгийн нэрд гарсан кино найруулагч Тан Лунь-тай гэрлэж, тухайн үеийн Хятадын ажил, амьдрал нь өөдрөг яваа хамгийн алдартай оддын нэг болжээ.
1936 онд Жян Чин-ий амьдралд эргэлт гарсан он жилүүд байв. Япончууд Хятадыг эзлэн түрэмгийлж байсан тэр аймшигт хэцүү үед Жян Чин нөхрөөсөө салж, хувийн амьдрал нь бүтэлгүйтжээ. Удалгүй Жян Чины хувийн кино компанийг Япончууд сүйтгэхэд тэрээр зугтаж, Янань хотод ирэв. Тэнд тэр хувьсгалын их удирдагч Мао Зэдунтай танилцаж, улмаар гэрлэжээ.Жян Чин Мао Зэдунтай гэрлэж, Ли на гэдэг охинтой болсон бөгөөд хувьсгалын хүнд хэцүү үед Мао Зэдуны эхнэрүүдийн дотроос түүнд үнэнч үлдсэн ганц бүсгүй байлаа.1949 онд Хятадад хувьсгал ялж, Мао Зэдун үнэмлэхүй удирдагч болов. Гэвч Жян Чин тэргүүн хатагтайн үүргээс илүү хувьсгалын өмнө хийж байсан кино урлагийн ажилдаа ихэнхи анхаарлаа хандуулах болжээ. 1966 онд Мао Зэдун Соёлын их хувьсгал өрнүүлж, өөрийг нь шүүмжлэгч, эсэргүүцэгч, эргэлзэгчдийг нэг мөсөн дарж, залуучуудыг турхиран өөрийгөө тахин шүтүүлэх кампанит ажлаа эхлүүлэв. Мао Зэдун 1969 онд эхнэр Жян Чин-ийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн болгож, Соёлын хувьсгал явуулах хорооны орлогч даргаар томиллоо. Энэ үеэс жүжигчин Жян Чин Хятад орныг орвонгоор нь эргүүлсэн хувьсгалын эргүүлгийг удирдаж эхэлжээ.
Улс орны удирдагчдын нэг болж, нэр нөлөө нь нэмэгдэв. Соёлын хувьсгалын солиоролд автсан залуус Жян Чин-ийг агуу их удирдагчийн гэргий хэмээн өргөмжилжээ. Жян Чин нөхрийнхөө дайснуудыг устгах хамгийн хорон аргуудыг сэдэж эхлэв. Жүжигчин, энхрийхэн, ялдам дүрээрээ олон түмний сэтгэлд удтал мөнхөрсөн Жян Чин залуусыг турхиран хуучны дурсгалт зүйлс, Дэн Сяо пин, Пэн Дэхуай, Лю Шаочи, Сүн Вэйши зэрэг алдарт хувьсгалчдыг хөдөө цөлөх, алах, тамлан тарчилгах ажлыгхийжээ. Соёлын хувьсгалын үед амь үрэгдсэн хүний тоо хэдэн саяар тоологддог.Хятад орны өнцөг булан бүрт Жян Чин-ий зурагт хуудсыг нааж, гудамжаар хувьсгалын дуу аялсан залуус бөмбөр нижигнүүлэн явна. Тэд их хувьсгал, их удирдагч Мао Зэдун, их удирдагчийн хүндэт гэргий Жян Чин, нөхөр Линь Бяо, Чжан Чүньчяо, Яао Вэньюань, Ван Хун Вэнь нар түм насалтугай хэмээн орилно. 1976 онд Мао Зэдун нас нөгчив. Улс орон даяар уй гашуу нөмрөв. Жян Чин ч мөн нөхрийнхөө үхэлд гашуудаж, уйлж байсан боловч энэ их уй гашуу өнгөрсний дараа улс орон хэрхэх нь түүнд оньсого мэт байлаа.
Мао Зэдуныг нас нөгчсний дараа удирдлагад зүйрлэшгүй том орон зай онгойж, түүнийг хэн нөхөх нь маргаантай асуудал болж байжээ. Хэдийгээр ахимаг насны хувьсгалч Хуа Гүө Фэн бол Мао Зэдуны залгамжлагч хэмээн албан ёсоор нэрлэгдэж байсан ч Жян Чин өөрийнхөө дэвшүүлсэн хүмүүстэй хамтаар төрийн эрхийг булаан авч, Дэн Сяопин, Хуа гүө фэн нарыг зайлуулахаар шийдэж, нууц хуйвалдаан зохион байгуулав. Гэвч тэр оройтсон байлаа. Хямрал, эмх замбараагүй байдалд 10 жил гаруй байсан Хятад орны хувь заяаг аврахаар цэргийн эрх баригчид, Улс төрийн Товчооны өндөр настай удирдагчид сэм хуйвалдсан байжээ. 1976 оны 10-р сарын 6-ны орой Жян Чин-ийг төрийн тэргүүний өргөө болох Чжун ань хай-д байхад Цэргийн эрх баригчдын тушаалаар түүнийг баривчилжээ.
Мөн тэр өдрийн орой Жян Чин-ий хамсаатнуудыг мөн барьсан байна. Жян Чинийг таван жил шоронд хорив. Түүнийг шүүх хурлаар оруулах, ял оноох, суллах алин болох нь тодорхойгүй таван жил болов. Гэвч Хятад оронд их өөрчлөн байгуулалт болж, Дэн Сяопин төрийн эрхэнд гарч, “Нэг улс, хоёр систем”-ийн бодлогыг хэрэгжүүлэн, тогтвортой байдлыг бий болгож, зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлжээ. Улс орон тогтворжиж, бодлого зорилтоо тодорхойлсны дараагаар 1981 онд Жян Чин тэргүүтэй дөрвөн хүнийг шүүх хурал эхлэв. Тэднийг “Дөрвийн дээрэмчид” гэж нэрлэн, Соёлын хувьсгалын бүх бурууг энэ дөрвөн хүнд тохлоо. Дөрвийн дээрэмчидтэй хамт 20 гаруй хавсруулан шийтгэж, ял оноов.
Намын Төв Хорооны албан ёсны тогтоолд өгүүлэхдээ: -“Дөрвийн дээрэмчин нөхөр Мао Зэдуныг өдөөн турхирч, өдий төдий хувьсгалын ахмад зүтгэлтэн ба гэм зэмгүй жирийн ардуудыг хөнөөн, эд материалын зүйрлэшгүй их хохиролд учруулсан юм. Нөхөр Мао Зэдун сүүлээр энэ байдлыг үэзж мэдээд энэ хор уршгийг арилгах арга хэмжээг авч явуулахаар төлөвлөж байсан боловч насан эцэслэжээ.
Мао Зэдун бол манай хувьсгалыг үүдэн байгуулагч, их удирдагч мөн бөгөөд бид хэзээд Мао Зэдуны онол хийгээд түүний сургаалыг баримтлан явах болно” гэжээ.Шүүх хурлаас Жян Чин-д цаазаар авах ял оноов. Гурван жилийн дараа Дэн Сяопин-ий тушаалаар Жян Чин-ий ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. 1991 оны 5-р сарын 14-ний өглөө шоронгийн харгалзагч Жян Чин-ий өрөөнд ороход тэр амиа хорлосон байлаа. Хананд будгаар “Мао Зэдун. Би чамд хайртай байсан” гэж бичсэн байжээ.
Тухайн үед Жян Чин 77 настай байв. Жян Чин-ийг нас нөгчсний дараа тун нууц байдалд чимээгүйхэн оршуулжээ. Чухамдаа Мао Зэдун Соёлын хувьсгалыг эхлүүлж, хорвоо дэлхийг орвонгоор нь эргүүлсэн гэдгийг албан ёсны мэдэгдэлд хэн ч дурьдахаа больжээ. Учир нь аль ч дарангуйллын нийгэм Жян Чин мэтийн хүмүүсийн золиосонд оршиж байдаг юм.Жян Чин шүүх хурал дээр эцсийн үгээ хэлэхдээ: -“Дайн байлдааны хүнд хэцүү үед зөвхөн би л Мао Зэдуны дэргэд байсан. Соёлын хувьсгалын үед бас би л түүнтэй хамт байсан. Гэтэл тэр одоо хаана байна вэ?” гэжээ.
Харин Тянь ань мэний талбайд Мао Зэдуны хөрөг оршсоор…Их удирдагч Мао Зэдун үргэлж бидэнтэй хамт хэмээх үг цууриатсаар…
Эх сурвалж: http://sodbilig-sodbilig.blogspot.com/