Сүүлийн жилүүдэд дугуйгаар аялагчдын тоо нэмэгдэж байна. Ховд аймгийн “Монгол Алтай” дугуйн холбоо 2017 онд байгуулагдсанаар өдгөө 200 орчим гишүүнийг эгнээндээ нэгтгэжээ. Тус холбоо нь дугуйн спортыг хөгжүүлэх, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өнгөрсөн онд Ховдоос Мянгад, Булган, Манхан сумын чиглэлд ойрын болон холын зайн дугуйн аяллыг зохион байгуулж байсан.
Тэд цаашид сар бүр тогтмол дугуйн аялал, уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Монгол алтай” дугуйн холбоонд нэгдэж, дугуйн аялал хийхийг уриалав. Дугуй унах нь иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, биеэ чийрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.