Монгол улсад цалингийн нэмэгдлийн сураг тасраад хэдэн жил болж байна. Харин азийн зарим улсад цалинг жил бүр шат дараалалтай нэмэгдүүлэх бодлого үргэлжилж байна. Тэр дундаа өндөр хөгжилтэй Азийн зарим улс цалингаа огцом нэмэгдүүлж байна.
Тухайлбал Япон улс сүүлийн 5 жилд анх удаа цалингийн дундаж хэмжээ нь нэмэгдсэн тухай тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээллэсэн байна. Япон улсын сарын дундаж цалин 2800 ам доллар болсон гэдэг таатай мэдээллийг өгчээ. Энэхүү дүн нь өмнөх оныхоос 0,7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Тус улсын Эрчим хүч, хийн компаниуд ажилчдынхаа цалинг хамгийн өндөр хувиар нэмэгдүүлжээ. Харин удаах байранд Мэдээллийн технологи, даатгалын салбарын цалин хангамж ордог байна. Тогтмол ажилтай хүмүүсийн цалинг хангамж илүү өндөр дүнгээр нэмэгдсэн нь судлагаанаас харагджээ. Ялангуяа тогтвор суурилтай удаан ажиллаж байгаа хүний цалинг компаниуд илүү нэмэгдүүлсэн гэж тайланд дурджээ. Цалингийн шатлал нэмэгдэх болсон үндэслэл нь өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ хямд байсантай холбоотой гэж Япон улсын засгийн газар үзсэн байна.
Гэтэл Монгол Улсад цалингийн үнэлэмж нь буурч, барааны үнэ улам л өссөөр байна. 2016 оны эхэн сартай харьцуулахад төгрөгийн ханш 20 хувиар суларчхаад байна. Тэгэхээр авдаг цалин нэмэгдээгүй учир чадамж нь 20 хувь буурчихсан гэсэн үг. Харин өргөн хэрэглээний барааны үнэ тогтмол өсөлттэй гарсан хэвээрээ байгаа. Хамгийн сүүлд л гэхэд шатахууны үнэ 100 төгрөгөөр өсчихлөө. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг үгсэн тохирч үнээ нэмсэн гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдээд байгаа. Иймд шатахууны үнийг эргүүлэн бууруулах үүрэг чиглэл өгөөд байна.