УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр (2019.03.28) Төрийн ордон дахь өрөөндөө сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Түүний хувдь С.Зориг агсны хэргийн асуудлыг цогцоор нь шалгуулахаар болсон тухайгаа энэ үеэр мэдэгдлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд уг асуудалд зарим гишүүд шиг асуудал гарангуут нь оролцсон юм шиг байдлаар попорсон зүйл огт байхгүй гэдгийг ярихыг хүссэнээ хэлсэн юм.
Түүний хувьд 2015 онд уг хэргээр хоригдож байгаа хүмүүс баривчлагдсан өдрөөс нь эхлээд энэ асуудлыг хөндөж, Өргөдлийн байнгын хорооны дарга байсан хүний хувьд ХЭҮК гээд бүх байгууллагад хандаж байсан аж. М.Энх-Амгалан прокурорт бичиг явуулж ч байжээ. Энэ бичигт Ж.Содномдаржаад өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхгүй байна, дарамт шахалтанд байна, шалгаж өгөхийг хүссэн тухай дурдаж байсан гэнэ. Ерөнхийлөгчид бас бичиг өгч байж. Мөн хэргийг олон нийтэд ил болгож өгөхөөр холбогдох хүмүүст хандсан, түүнчлэн шүүгдэгчийн эрхийг хангуулах тухай ч хандаж байжээ.
Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар Швейцарт очиж олон улсын парламентын өмнө үүрэг хүлээгээд иржээ. Товчхондоо, энэ хэргийн зарим хэсгийг ил болгоё гэдэг үүрэг хүлээсний дагуу асуудал үргэлжилж байгаа юм байна.
Тэрээр цааш ярихдаа “Асуудлыг ил болгооч гэхээр үнэн, худал нь мэдэгдэхгүй бичлэг үзүүлсэн. Булган салаавч үзүүлээд, гэртээ хутга шөвгө барих гээд ч байгаа юм уу гаргаад л. Миний бодож байгаагаар би хуульч хүний хувьд бүх мэдээллийг авах эрхтэй. Надад ирсэн мэдээллээр ҮАБ дээр энэ хэрэг нотлогдсон юм шиг бичлэг үзэж байсан гэж хэлж байсан. Тэгэхээр би гүйцэтгэх ажиллагааны видео баримтуудыг үзмээр байна. Өчигдрийн байдлаас харахад эрүүдэн шүүсэн асуудал харагдаж байна. Эрүүдэн шүүсэн мэдээлэл хэрэв гүйцэтгэх ажиллагаагаар нотолсон гэж үзэж байгаа мэдээллийг харьцуулах шаардлагатай байна” гэлээ.
Тиймээс тэрээр УЕП, Ерөнхийлөгч нарт албан бичиг хүргүүлж байгаа юм байна.