Интерпол байгууллагын ерөнхийлөгч асан, Хятадын иргэн Мэн Хонвэйг авлигын хэргээр яллах гэж байгаагаа тус улсын Коммунист Намын (ХКН) албан ёсны мэдээллийн суваг өчигдөр зарлажээ.
Түүнийг намаас хөөж, бүх албан тушаал, цол хэргэмийг нь хураасан тухай ХКН-ын сахилга бат, хяналтын төв коммисс мэдээлсэн байна. Интерпол олон улсын байгууллагыг удирдаж, Франц улсад ажиллаж, амьдарч байсан 65 настай Мэн Хонвэй өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлээр эх орондоо ирээд баривчлагдсан юм.
Баривчлагдсаныхаа дараахан тэр Интерполын тэргүүнээс огцрох хүсэлтээ гаргасан байна. ХКН-ын мэдэгдэлд Мэн Хонвэйг албан тушаалаа ашиглан хувийн нэр нөлөөгөө өсгөсөн, төсвийн хөрөнгийг гэр бүлийнхээ тансаг амьдралыг санхүүжүүлэхэд зарцуулсан гэж буруутгажээ.
Мөн түүний хууль бусаар олж авсан эд хөрөнгийг хурааснаа мэдээлсэн байна. Ингэснээр Мэн Хонвэй нь Ши Жиньпиний хэрэгжүүлж байгаа авлигатай хийх тэмцлийн золиос болсон сүүлийн өндөр албан тушаалтан болж байна.
Өнгөрсөн Мягмар гарагт Хятадын интернэтийн “хаан” гэгддэг, тус улсын кибер орон зайн зохицуулалтыг хариуцаж байсан Лю Вэйд 14 жилийн хорих ял оноосон юм. Мэн Хонвэйн гэргий Грэйс одоо Франц улсаас улс төрийн орогнол хүсэж, тус улсын хамгаалалтад байгаа. Тэрээр саяхан нөхрийнхөө хэргийн талаар Хятадын төрийн тэргүүнтэй ярилцахыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд хүссэн захидал илгээжээ.
Ши Жиньпин энэ долоо хоногийн эхээр Франц улсад айлчилсан юм. Гэвч Грэйсийн хүсэлтийг Макрон хэрэгжүүлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мэн Хонвэй 2016 оны арваннэгдүгээр сард Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хятад хүн болсон юм. Тэр 2020 он хүртэл энэ албыг хаших ёстой байв.
Мэн Хонвэй нь үүнээс өмнө Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны зургаан дэд сайдын нэг байсан бөгөөд Хятадын хуулийн системд 40 орчим жил ажилласан туршлагатай нэгэн юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгосын Ким Жон Ян Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдож, Мэн Хонвэйг залгамжилсан байна.
Эх сурвалж: BBC
IKON