Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газраас хамтран “Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний 09:00 цагт Төрийн ордны их танхимд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлагууд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын 800 гаруй хүн оролцох юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Гал түймрийн нөхцөл байдал, байдал, анхаарах зарим асуудал”, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Монгол орны байгалийн нөөц баялагийг ой, хээрийн түймрээс хамгаалах зарим асуудал”, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал “Ой, хээрийн болон объектын түймэрт явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, ХХЕГ-ын Хилийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батбаатар “Хилийн зурвас бүсэд үүссэн гал түймрийн гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээ”, сэдвээр илтгэл тавина.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус шинжээч Н.Уламбаяр “Гамшгийн аюулаас хамгаалах, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа”, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Иргэдийн оролцоо, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нь”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Хуяг “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын зохион байгуулалт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.

Хэлэлцүүлгээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, холбогдох талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн