Төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит, “Алтан гадас” одонт Ховд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Жангар” дуулалт жүжгийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Тодруулбал, энэ сарын 31-нээс эхлэн тоглох аж.
Энэхүү жүжгийг Олон улсын театрын өдөрт зориулан бүтээж, Т.Цэрэнсодномын зохиолоор, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр хийжээ. Улс төр, шашин, монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг багтаасан 3500 гаруй шад шүлэг, яруу найргийн хэлбэрээр бичигдсэн өв соёлын бүтээлийг дуулалт жүжгийн хэлбэрт оруулсан байна. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар тус театрын дарга С.Ариунжаргал ажиллаж, 30 гаруй уран бүтээлчид оролцон тогложээ.
Ховд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид нь 2014 онд “Галдан бошигт” дуулалт жүжгийг тайзнаа амилуулж тэрхүү уран бүтээлээрээ 2015 онд “Гэгээн муза-12” олон улсын наадмаас Гранпри шагнал хүртэж байсан юм. Тэгвэл театр байгуулагдсаныхаа 70 жилийн ойн босгон дээр “Жангар” дуулалт жүжгээрээ дахин “Гэгээн муза” хүртэхээр зорьсон аж.