Монгол улсад Гэр бүлийн тухай шинэ хууль хэрэгтэй байна, ард иргэдэд, хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол олгох ажлыг хийх хэрэгтэй байна. Бид гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутагтай ярилцсанаа хүргэж байна.
-Манай улсын гэр бүлүүдийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааг хийсэн багийн төлөөлөл, өдөр тутам гэр бүлүүдийн харилцааны халуун цэгт ажиллаж буй албаны хүнтэй ярилцах болсондоо баяртай байна. Би танаас маш олон зүйлийн бодит байдлыг мэдэж авна гэж итгэж байна?
-Ер нь Монголын гэр бүлүүдэд хэн ч анхаарал тавьж ирээгүй гэж хэлж болно. Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах баримт бичгийг 2003 онд баталсан ч хэрэгжүүлэх байгууллагагүйн улмаас хаягдсан зүйл. 2016 оны наймдугаар сард Гэр бүл хүүхэд залуучуудын газар байгуулагдсан.
Манай нийгмийн гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг мэдэх, ажлаа юунд төвлөрч хийх ёстойгоо ул суурьтай тодорхойлохын тулд мөн асуудал хаанаа байгаа мэдэх зорилготой “Монголын гэр бүлүүдийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” гэсэн томоохон судалгааг Дэлхийн зөн болон социологийн төрийн бус байгууллагатай хамтарч хийсэн.
Орон нутагт байдаг өөрийн харьяа байгууллагуудтайгаа хамтраад 42970 өрхийг судалгаанд хамруулсан.Уг судалгааны дүнд тулгуурлан тулгуурлан монголын гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, төрийн зүгээс ямар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх шаардлага бийг ерөнхийлөн харсан гэж болно. Монгол улс 895.000 орчим гэр бүлтэй. Үүний 20 хувийг хамруулан бид судалгаагаа хийж чадсан гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд халамжийн үйлчилгээг л гэр бүлд зориулсан үйлчилгээ гэж төрийн зүгээс харж ирсэн. Тодруулбал халамжийн 72 төрлийн үйлчилгээгээр нэг жилд 700 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байхад яагаад монголын гэр бүл сайн сайхан байхгүй байна вэ? Гэр бүл яагаад хөгжихгүй эсрэгээрээ хямраад байна вэ? гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл монголын гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал халамжийн мөнгө төгрөгөөс төдийлөн шалтгаалахгүй байгааг судалгаагаараа бид тогтоосон гэж ойлгож болно.
2010 онд гэр бүлийн харилцааны судалгаа хийсэн байдаг. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд гэр бүлийн харилцаа маш их өөрчлөгдсөн. Хамтран амьдрагч, салалт их нэмэгдсэн байна.
-Гэр бүлийн харилцаанд гарч байгаа хамгийн том алдаа нь юу гэж судалгаагаар гарсан бэ?
-Бүх улс оронд гэр бүлийн боловсролыг маш чухалд тооцож байна. Их, дээд боловсролоос илүү тухайн хүний насан туршийн амьдралд нэгдүгээр зэргийн ач холбогдолтой зүйл бол гэр бүлийн боловсрол юм гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч маш их ач холбогдол өгч байгаа.
Гэр бүл, түүний үнэ цэнэ гэж юу вэ? гэр бүл болсноор үүрэх үүрэг хариуцлага, аав ээж байх чадвар, чадамж зэргийг “Гэр бүлийн боловсрол” гэсэн тусгай программаар заавал эзэмших ёстой юм. Гэтэл манайд энэ төрлийн хичээл, сургалт алга байна. Үүнээс үүдэлтэйгээр гэр бүл хэмээх улс орны үндсэн үнэт зүйлийн маань ач холбогдол суларч, хямарч байгаа гэж хэлж болно.
-Манай улсад нэг жилд хэдэн гэр бүл салж байна вэ?
-Нэг жилд 20 орчим мянган гэр бүл шинээр гэрлэлтээ бүртгүүлдэг бол 4000 орчим гэр бүл мөн гэрлэлтээ албан ёсоор салгаж байна.
-Энэ тоо нэг жилийн статистик уу, эсвэл олон жилийн дундаж уу?
2000 оноос хооших 18 жилийн гэрлэлт, салалтыг авч үзэхэд жил бүр өсөх хандлагатай явж ирсэн.
-Эдгээр салж буй гэр бүлүүд бүгдээрээ хүүхэдтэй юу?
-Салж буй гэр бүлүүдийг аваад үзвэл 7-9 жил амьдарсан, 1-4 хүүхэдтэй хосууд ихэвчлэн салж байна.
-Хүүхдийн асран хамгаалагч нь хэн байх вэ гэдгийг манай байгууллагын мэргэжилтэн ажиллаж тухайн хосын хүүхдийн ээнэгшлийг тодорхойлдог. Ээнэгшил гэдэг маань тухайн хүүхэд ээж, аавынхаа хэнд нь илүү байгааг тогтоохыг хэлж байгаа юм. Долоон наснаас дээш хүүхдээс өөрийнх нь саналыг авдал. Мөн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх зэрэг зарчмын ажлууд хийгддэг.
-Гэр бүл салалтын шалтгааныг судалгаанд нарийн тодорхойлсон болов уу?
-2017 онд гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд оролцдог ажилтнуудын дунд судалгаа хийсэн. Энэ судалгаагаар гэр бүл салалтад дараах гурван шалтгаан хамгийн их нөлөөлж байгаа нь тогтоогдсон.
Архины хамаарал
Эхнэр нөхрийн үл ойлголцол, хардалт
Гэр бүлийн бусад гишүүд буюу аав, ээж, ах, дүү хамаатан садны оролцоо
Дээрх гурван зүйл жилд 4000 орчим гэр бүл салахад хамгийн их нөлөөлж байна.
-Хэр их тэссэний эцэст салж байгаа анзаарагдсан бэ?
-Гэр бүл цуцлалтыг авч үзэхэд анх бид залуу хосууд л салаад байна гэж бодож байлаа. Албан судалгаагаар 7-9 жил амьдарсны эцэст салах нь маш их гэдэг нь гараад ирсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл амьдралаа авч үлдэхийг бас тодорхой хэмжээнд хичээгээд гагцхүү аргаа олохгүй, мэргэжлийн туслалцаа авч чадахгүй байгааг харуулсан.
-Гэр бүл салсны дараах нөхцөл байдалд анхаарал хандуулж, судалсан зүйл бий болов уу?
-Хүүхэд бол гэр бүл салалтын хамгийн том хохирогч. Хүүхэд элэг бүтэн аз жаргалтай, айдасгүйгээр амьдрах ёстой. Салалт хүүхдийн боловсрол, хүмүүжилд маш их нөлөөлдөг. 20 настай охин ярихыг би сонссон юм. Тэр хүүхэд ярихдаа гэр бүлийн үнэ цэнэ, боловсрол гэдэг зүйлийг би огт мэдэхгүй. Миний аав ээж гадаадад амьдраад удаж байгаа.
Би эмээ дээрээ дутуу зүйлгүй сайхан өссөн ч даган дуурайх бүтэн бүлээн гэр бүлд би өсөөгүй. Эмээ маань сайн эхнэр, ээж болох тухай биш өндөр боловсролтой, чадварлаг ажилтан болохыг л зөвлөдөг гэж байх жишээтэй. Энэ бол манай нийгмийн нийтлэг байдлыг харуулж байна гэдэгт олон хүн санал нэгдэх байх.
Харин элэг бүтэн, хайр дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд ирээдүйд тийм гэр бүлийг л цогцлоодог. Аавтай, ээжтэй элэг бүтэн байхын жаргалыг мэдрээгүй хүн ирээдүйд үр хүүхдээ өнчрүүлэх, гэр бүлээ салгахыг алдаа гэж харахгүй.
-Бид 20 жилийн өмнө батлагдсан хуулиар орчин үеийн гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа нь байж боломгүй санагдах юм?
-Гэр бүлийн тухай хууийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ хуулиндаа гэр бүл рүү чиглэсэн үйлчилгээг л хуульчлахыг зорьж байна. 1999 онд батлагдсан хуулийг одоогийн залуус мэдэх ч үгүй. Зөвхөн гэр бүл салахад л тэр хуулийн заалтыг хуульчид харж байна.
Гэтэл хөгжилтэй орнууд гэр бүлийн тухай хуулиндаа гишүүдийн эрх, үүрэг хариуцлагагыг нарийн заагаад өгчихсөн байдаг. Мөн тухайн гэр бүл бат оршин тогтнох үндэс хууль, улсын бодлого, үзүүлдэг үйлчилгээтэй салшгүй холбоотой. Зарим гэр бүлүүд бүр тодорхой төрлийн татвараас хөнгөлөгддөг юм билээ.
Бидний зүгээс шинэчилж буй гэр бүлийн тухай хуулиндаа, нэгдүгээрт гэр бүл хариуцсан төрийн байгууллагын бүтцийг оруулж өгөх гэж байна. Жишээ нь гэр бүл залуучуудын хөгжлийн газрын бүтцийг батлах шаардлага бий. Учир нь хүүхэд хамгааллын хуулинд манай байгууллага байсан ч гэр бүлийн хуулинд орох ёстой гэж хэлээд тэр хуулиас хасчихсан. Гэтэл хууль маань батлагдаагүй. Манай байгууллага хуулийн орчинд байхгүй. Бид үйл ажиллагаагаа явуулахгүй байсан ч буруудах юмгүй. Гэхдээ бид ажиллах шаардлага нь маш их учраас явж л байна.
Дараагийн дугаарт хороо суманд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болмоор байгаа юм. Яг гэр бүлүүдтэй тулж ажиллах ёстой хүн хэрэгтэй байна.
Гэр бүлээ цуцлуулсны дараа олгогддог хүүхдийн тэтгэлэг 14 хувьтай л байна. 100 гэр бүл салахад 14 нь л хүүхэддээ тэтгэлэг өгч үлдсэн 86 хувь нь эдийн засгийн ямар ч хариуцлага үүрэхгүйгээр амьдарч байгаа нөхцөл байдал бий.
Үүнийг эргэн төлөгдөх нөхцөлтэй тэтгэлгийн сан байгуулаад түүнээс нь хүүхдэд олгоод улмаар салсан эцэг, эхээс нь төр албадан төлүүлэх заалтыг гэр бүлийн тухай хуульд оруулах шаардлагатай гэсэн саналтай байгаа. Мөн шинэ хуульд угийн бичиг хөтлөхийг бас оруулж өгнө.
-Эхнэр, эсвэл нөхрийн гэр бүлд хүлээх үүрэг, хариуцлагыг хуульчлах боломж бий юу? Хайр дурлалын харицлааг хуулиар зохицуулах хүндрэлтэй ч өнөөгийн нөхцөл байдал түүнийг шаардалаад байх шиг?
-Ер нь бол тийм заалт байх ёстой ч одоо тийм заалт нарийн төлөвлөж оруулсан зүйл алга байна.
20 жилийн өмнө батлагдаж өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль, одоо боловсруулагдаж байгаа хуулийн зах зухаас сонсохоор гэр бүл салбал ингэнэ, тэгнэ гэдэг зүйл л түлхүү яригдаад байх шиг. Миний бодлоор тухайн гэр бүл бат бөх оршиход хууль хамгийн ихээр чиглэх ёстой гэж ойлгоод байна л даа?
Урьдчилан сэргийлэх ажлыг л маш сайн хийх ёстой. Хороо дүүргийн гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай болох нь таны хэлж буй зүйлийн хувьд маш өндөр ач холбогдолтой зүйл байх юм.
-Гадаадын орнуудын гэр бүлийн хуулиуд ер нь ямар зүйл заалттай, утга агуулгатай байдаг бол. Мэдээж хууль боловсруулахын тулд танай баг судалсан байх?
-Жишээлэхэд Голландад гэр бүл саллаа гэхэд хугацаа өгдөг. Тухайн гэр бүл найман настай хүүхэдтэй бол найман сарын хугацаа өгөөд тэр сарууддаа гэр бүл салаагүй юм шиг байх нөхцөлтэй. Манайд бол өнөөдөр саллаа л бол хүүхдээ орхигдуулдаг. Ээж аав гэдэг бол насан туршийн л ойлголт, үүрэг, хариуцлага, хайр байх ёстой юм шүү дээ.
-Хувь хүний хандлагыг асуумаар байна. Салсан ч яадаг юм нийлсэн ч яадаг юм гэдэг хандлага элбэг үү манай залуусын дунд?
Гэр бүлийн боловсролгүй хүмүүс их учраас тийм хандлага ч элбэг. Зөвхөн гэр бүлийн асуудал хариуцсан соён гэгээрүүлэх, гэр бүлийн боловсрол олгох яамтай болоход ч буруудах зүйлгүй. Түүнээс өмнө ойрын хугацаанд гэр бүлийн харицлаагаар мэргэшсэн тусгай шүүхтэй болох хэрэгтэй. Салъя гэсэн хосуудад бодож үзэх гурван сарын хугацаа өгдөг ч тэр хугацаандаа тэднийг эвлэрүүлэн зуучлах нарийн ажил хийгддэггүй.
Гэр бүл салалтын шалтгаануудад бусдын үг, бусдын зөвлөгөө, бусдын үзэл бодол хандлага маш өндөр нөлөөлж байдаг юм байна. Орчин үед эхнэр, эсвэл нөхөр асуудлаа цахим орчинд дэлгэж бусдаас зөвлөгөө авах хандлага ч түгээмэл ажиглагдах болсон. Энэ талаар та юу гэх вэ?
Энэ бол бас л гэр бүлийн боловсролгүй хүмүүсийн гаргадаг алдаа.
-Гэр бүлийн боловсрол гэж чухам яг юуг хэлээд байгаа юм бэ?
-Гэр бүлийн үнэ цэнийг мэдэх. Гэр бүлийн гишүүд үүргээ ухамсарладаг байх. Гэр бүлийн гишүүдийн харилцаа эрүүл аюулгүй байх, хүүхдийн үүрэг эрх дээдлэгдэх, эцэг эх болж байгаа хүмүүсийн хүлээх үүрэг, ухамсарлах зүйлсийг мэдэж амьдралдаа хэрэгжүүлдэг байхыг хэлж байгаа юм.
Нарийвчилбал?
-Гэр бүлийн хуулинд бий. Эцэг эх хүүхэддээ боловсрол олгох ёстой, хүүхдээ хөгжүүлэх үүрэгтэй, насанд хүртэл нь хүүхдийн эрхийг бүрэн эдлүүлэх үүрэгтэй. Энэ хуулийг олж үздэг хүн байхгүйд л асуудал байна. Эхнэр нөхрийн хувьд хоёр өөр хүмүүжилтэй хүмүүс нэг гэр бүл болохоор таарч тохирохгүй зүйл гардаг нь элбэг л зүйл. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний асуудал. Гагцхүү зөв даван туулах л чухал. Тэгэхийн тулд захын нэгнээс асуух, цахим орчинд юм уу дэлгэх шаардлагагүй. Мэргэжийн сэтгэл зүйчийн үйлчилгээг авч хэвших хэрэгтэй.
Нууц амрагийн тухай?
-Гэр бүлээс гадуурх харилцаа маш түгээмэл байна. Гэр бүл салах шалтгааны хоёрдугаарт энэ асуудал орж байгаа.
Эцэг эх, эгч, ах, найз нөхөд зэрэг хүмүүсийн хамааралтайгаар салах нь бас их юм байна. Яагаад юм бол?
Гэр бүлийн харилцаандаа бусдыг оролцуулах нь тийм ч зөв биш. Гэр бүлийн харицлааа бол эхнэр, нөхрийн л асуудал. Өнөөх гэр бүлийн боловсролгүй байдалтай холбоотой.
Эцэг эх, эгч, ах, найз нөхөд зэрэг хүмүүс гэр бүл салахыг төвөггүй дэмждэг байдал их байгаа хэрэг үү?
Яг тийм. Судалгаан дээр тэгж гарч ирсэн.
-Хамтран амьдрах үзэгдэл хэвийн зүйл болсон. Хамран амьдарсны дараа гэр бүл зохиох, шууд нэг гэрт орж албан ёсны эхнэр нөхөр болж амьдрах хоёрын давуу тал, сул тал судлагдсан болов уу?
-Хамтран амьдарна гэдэг бол ерөөсөө л хэн ч хариуцлага хүлээх боломжгүй сонголт. Зүгээр л ганцаардахгүй байх, хэн нэгнийхээ дутууг гүйцээх, ямар нэг ашиг сонирхол бийг л илтгэж буй ямар харилцаа. Энэ харилцаанд эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй.
-Манай гэр бүлүүдийн үнэ цэнэ юунд оршиж байгаа бол?
-Монголын гэр бүлийн үнэт зүйл нь юу гэдэг судалгаа хийгдэхэд нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт үр хүүхэд гэж гарсан.
-Гэр бүлийн төгс харилцаа гэж юуг хэлэх бол?
-Гэр бүл бол хайр сэтгэлийн үндсэн дээр сайн дураараа эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэйгээр харицлаанд орохыг хэлдэг. Төгс харицлаа гэвэл бүх харилцаа тэгш эрхтэй үүсэхийг хэлнэ.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин